Эдийн засагч Л.Наранбаатар ийн бичжээ.
Оросын Удокан ч нээрээ том орд юм байна шүү. Яах аргагүй Эрдэнэт, Оюу-Толгойн том өрсөлдөгч болох юм байна. Товч мэдээлэл, дүгнэлт өгье! Г.ЁНДОН Сайд анзаарах бизээ.
“Байкал Майнинг” компани лицензийг нь эзэмшдэг. Байгаль нуурын бүсэд орших Зэс-мөнгөний ордыг уул уурхай-металлургийн иж бүрэн цогцолбор болгох уг төсөл нь ОХУ-д #1, Дэлхийд #3 -т орно.
Ил уурхайгаар ашиглана. (Оюу-Толгойн ашиглалтын нөөцийн 80% нь өртөг өндөртэй далд уурхайд хамаардаг).
Ил уурхайн зэсийн баялаг нь 26.7 сая.т ( эдийн засгийн утга заагаагүй материалыг нөөц биш баялаг гэж тодорхойлдог) үүнээс эдийн засгийн үр ашигтай олборлох зэсийн нөөц нь 15.1 сая.тн, мөнгө 498 сая унц. Ил уурхайгаар 1.5 тэрбум тонн хүдэр олборлох ба зэсийн агуулга 1.05% буюу Эрдэнэтээс 2 дахин өндөр, Оюу-Толгойн ил уурхайн зэсийн агуулгатай ойролцоо байна.
2014 оноос ТЭЗҮ хийгдсэн ба тухайн үед 3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалттай гэж тооцож байсан. 2018 онд нөөц нь батлагдаж баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг 12-р сараас нь эхлүүлсэн. 2020 оны 8 сараас ордын урьдчилсан хөрс хуулалт эхэлсэн. 2021-2033 онуудад жилд 12 сая.тн хүдэр олборлож баяжуулна. Энэ нь жилд 130 мян тн цэвэр зэс олборлоно гэсэн үг. Эрдэнэт одоо жилд 130 мян тонн, Оюу Толгой 150 мян орчим тонн зэс одоогоор олборлож байна.
Удокан нь 2033-2050 онуудад хүчин чадлаа өргөтгөж жилд 48 сая тонн хүдэр олборлоно. Энэ нь Эрдэнэтийн өнөөгийн хүчин чадлаас 16 сая тонноор их, Оюу Толгойтой ижил байх юм.
2019 оны 2-р сард төслийн эхний үе шат буюу жилд 12 сая.тн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэх үйлдвэрийг 1.7 тэрбум ам доллароор санхүүжүүлэхээр ОХУ-ын төрийн өмчит VEB.RF, Gazprombank, Sberbank гэх 3 банк гэрээ байгуулан ажиллаж байна.
Мөн Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк Industrial and Commercial Bank of China (ICBC), болон өөр гурван ч банк төсөлд зээл олгох гэрээ байгуулж, мөнгөөр цутгажээ.
ОХУ нь нүүрсний зах зээлд Монголтой өрсөлдөгч улс бөгөөд 2011 оноос Зүүн Сибирээр нарийн царигийн төмөр замаар Якутын коксжих нүүрсний төслүүдээ холбож, жил ирэх бүр хүчин чадлаа нэмэгдүүлж, Тавантолгойг Хятадын зах зээлээс шахсаар байна. Хятад нь Австралитай харилцаа муудаж нүүрс авахгүй байх улстөрийн шийдвэрийг саяхан гаргасан. Харамсалтай нь төмөр замгүй, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцгүй Тавантолгойн орд энэ орон зайг эзлэх боломж нь хязгаарлагдмал, нийлүүлэлт нь богино хугацааны шинжтэй байна. Харин ОХУ энэ орон зайг эзлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна. Хятадын SXcoal .com сайтад гарсан 3 хоногийн өмнөх мэдээгээр ОХУ-аас авах нүүрсээ нэмнэ гэсэн бол ОХУ зүгээс Хятадын 01 нүүрсний нийлүүлэгч болно гэж зарласан. 5 жилийн дараа ОХУ нүүрсний зах зээлээс Монголыг бүрэн арчих төлөвлөгөөтэй.
Зэсийн хувьд бид мөн л ОХУ-тай тэнцвэргүй өрсөлдөөнд орох нь. 2016 онд ОХУ-тай транзитаар Хятад уруу уул уурхайн бүтээгдэхүүн зөөхийг зөвшөөрсөн гэрээ зурчихсан. Монголыг Оросын Владивостокоор 5200км нүүрсээ зөө, тарифын хөнгөлөлт эдлүүлнэ гэж молигодсон. Бид энэ цаг мөчөөс хойш нүүрсний үнэ өндөр байсан жилүүдэд 1 тонн ч нүүрс зөөч чадаагүй байна, учир нь хэдий хөнгөлөлттэй тариф ч гэлээ бидний хувьд өндөр зардалтай, ашиггүй юм.
Оронд нь ОХУ манай улсаар Удоканы зэс-мөнгөний баяжмал болон Элегастын коксжих нүүрсийг өдөр шөнөгүй Хятад буюу манай гол зах зээл уруу УБТЗ-аар зөөнө. 2022 оноос бүтээгдэхүүнээ зөөж эхэлнэ. Элегаст бол Тавантолгойгоос өндөр чанартай, одоогоор 2 тэрбум тонн козсжих нүүрсний нөөцтэй, жилд 15 сая.тн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулах гэж буй төсөл. ОХУ, БНХАУ, Японы консорциумын хамтарсан Якута гол гэж бас козсжих нүүрсний том төсөл бий. Өөр бас том төслүүд буюу жилд 15-25 сая тонн коксжих нүүрс баяжуулах төслүүд ойрын 1-2 жилийн дотор манай хойд хилийн цаана хэдхэн километрт ашиглалтанд орох гэж байна.
Удоканы зэсийн төслийг ийм хурдан ахицтай явж байна гэж төсөөлсөнгүй. Оюу Толгойн далд уурхайн төсөл, Эрдэнэтийн хүчин чадлын өргөтгөл Удокантай уралдаж байна. Бид тусгаар улсын хувьд зэс, нүүрсний хувьд өрсөлдөгч хойд хөршийн аливаа нөлөөнд автах эрсдэлээс зайлсхийж, бие даасан шийдвэрээр явах ёстой. Сүүлийн үед сошиал армийн тухай их ярих болсон. Энэ армиар ОХУ, БНХАУ том орон зайтай. Монголын сошиал орон зайд Монголын төслүүдийг унагах, үнэгүйдүүлэх дайралт илт ихсэж буйг анзаарч нэг хараарай. Хөршүүд Монгол хэлээр Монгол хүн шиг бичдэг, хэрэлдүүлдэг, талцуулдаг, гар хөл болсон улстөрчдөө парламентад шургуулдаг болоод удаж байна.
Уул уурхайн салбар бол манай стратегийн салбар, энэ салбарт ажиллаж буй Монголчууд барууны инженерүүдтэй өрсөлдөхүйц болсон. Шинэ засгийн томилгоогоор салбарт дан мэргэжлийн доктор, эрдэмтэд томилогдсон. Хурдтай, мэдрэмжтэй шийдвэр гаргаж ажиллана гэж мэргэжлийн хүний хувьд хүлээж, найдаж байгаа. Уул уурхайн салбарт өрсөлдөөн маш их, тэр тусмаа ОХУ-аас учруулах аюул занал их гэдгийг өглөө бүр санах цаг иржээ!
Энэ салбар үгүй бол бид ковидоор яаж балрахыг мэдэрсэн, одоо тог, ус, дулаанаа төлүүлээд, шахмал түлшээр хангуулаад, Тавантолгойгоосоо ногдол ашиг хүртээд сууж байна. Энэ чигээрээ байгаад байна гэж байхгүй, тамир нь бас Ковидоор суларч байна.
Өнөөдөр салбарын 98 жилийн ойг улс даяараа тэмдэглэлээ. Баяр хөөр хундага дарстай, одон медальтай өчигдөр дууссан.
Өнөөдрөөс шараа тайлаад, өрсөлдөөнд бэлдэцгээе! Өрсөлдөгчөө өндөрөөр үнэлье, мэдэрье, стратеги тактикаа зөв гаргая!
100 жилийн ойгоор ОХУ-ын зэс, нүүрс бидний төмөр зам дээр транзитаар бидний зах зээл уруу урсаж эхлэхийг өдөр бүр санацгаая!
Лүндэгийн Наранбаатар
Уул уурхайн инженер-эдийн засагч, санхүүгийн удирдлагын магистр, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтын гишүүн,
2020-12-27