Эдийн засаг
Б.Солонгоо: Оюутолгойгоос болж хөрөнгө оруулагчид үргэнэ гээд хойч үедээ өр үлдээх тооцоог зүгээр хараад сууж болохгүй
“Оюу толгой” төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй Засгийн газар $22 тэрбумын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” гаргасан талаар бид мэдээлсэн.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоотой цахимаар холбогдож, энэ тухай ярилцлаа.
-Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр Монгол Улсын ДНБ-ий 30%-ийг дангаар бүрдүүлж, дэлхийн гурав дахь том уурхай бүрэн ажиллана гэсэн өндөр хүлээлттэй байсан монголчуудын хувьд одоо байгаа эдийн засгаасаа ч давсан өртэй хоцрох тухай тооцоолол цочирдом байлаа. Энэ тооцоог Рио Тинтогоос гаргасан гэсэн. Засгийн газарт хэзээ танилцуулсан бэ?
-Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд гэрээ байгуулагдаж, 2010 онд ТЭЗҮ гаргаснаар Монгол Улсад эдийн засгийн өндөр өгөөж хүртээнэ гэсэн хүлээлт үүсгэсэн. Үүнээс хойш 2016 онд ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан. Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллын талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинто (РТ) хөрөнгө оруулагчдад мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө тооцооллыг Засгийн газарт өгсөн.
Санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан.
-2051 оноос хойш ч мөн авахгүй гэсэн тооцоо гарсан хэрэг үү?
-Баялагт тулгуурласан тооцооллыг 2100 он хүртэл хийсэн бөгөөд тэр хүртэл ч ногдол ашиг авахааргүй байгаа. Үүнээс гадна Засгийн газрын санааг маш их зовоож байгаа асуудал нь ААНОАТ буюу ашгийн татварыг Монгол Улсад бараг төлөхөөргүй байгаа буюу 2051 он хүртэл ердөө 4 жил л төлөх ба нийт дүн нь 428 сая ам.доллар гэж РТ тооцсон байсан. Өнөөгийн үнэ цэнээр 77 сая ам.доллар гэсэн үг.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих дэлхийн хэмжээний орд үйл ажиллагаа явуулсан 30 жилийнхээ хугацаанд дөрөвхөн жилд нь ашгийн татвар төлнө гэдэг маш чамлалтай үзүүлэлт.
Хөрөнгө оруулалтын гэрээгээр ОТ-д гурван жилийн татварын хөнгөлөлт өгснөөс гадна тухайн үед мөрдөгдөж байсан Татварын хууль тогтоомжийн дагуу алдагдлаа ирээдүйд шилжүүлэх боломж олгосон. Тус компани алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд алдагдлаа хуримтлуулаад 8 жилийн хурагаанд Монголд төлөх татвараасаа 100% хасах боломжтой байгаа. Тэгэхээр ашигтай ажилласан ч гэсэн 11 жил Монгол Улсад татвар төлөхөөргүй байгаа.
Энэ мэтээр Монгол Улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд Засгийн газарт ирэх үр өгөөж буурсан тооцоолол байна гэдэг байр сууриа РТ-д илэрхийлээд байна.
-Яагаад өгөөж ингээд буурчихав. Хөрөнгө оруулалтын гэрээний чухам ямар заалтуудаас болж юун дээр алдсанаас үүдэн ийм үр дүн гарчихаад байна вэ?
-Гэрээний тодорхой нэг заалтаас үүдээд асуудал үүсэж байна гэж хэлэхэд хэцүү.
Өгөөж яагаад буурч байна гэхээр ОТ төсвийн ТЭЗҮ гурван удаа шинэчлэгдэх бүрдээ хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал л гэхэд 2016 онд байгуулсан гэрээгээр $5.3 тэрбум байсан бол шинэчилсэн тооцоогоор $1.4 тэрбумаар нэмэгдэж, төслийн хөрөнгө оруулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болж, 30% өсөх нь. Дубайн гэрээгээр далд уурхай 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан бол шинэ ТЭЗҮ-ээр 22 сараар хойшилж байгаа.
Мөн төслийн зардал нэмэгдсэнээс үүдээд үр ашигтайгаар олборлож болох нөөцийн хэмжээ буурсан байгаа. Шинэ ТЭЗҮ-ээр төслийн нөөц 8% буурч буй.
ОТ компани дээр үүсэж буй бас нэг асуудал нь зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа явдал. Тус компани одоогийн байдлаар $11 тэрбумын өртэй. Үүнээс $4.4 тэрбум нь төслийн санхүүжилт буюу ОУСК, ЕСБХБ тэргүүтэй 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл бол $7 тэрбум нь Туркойс Хилл Ресурс компанид төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл. Үүнтэй холбоотойгоор ОТ компани өдөрт $1.8 саяыг зөвхөн зээлийн хүүд төлөх дүр зураг гарч байна.
Үүний зэрэгцээ ОТ-н менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө РТ хөрөнгө оруулалтын зардлаас 3%, үйл ажиллагааны зардлаас 6%-аар тооцож жил бүр төлбөр авч байгаа. Энэ нь 2019 онд л гэхэд $180 саяар хэмжигдэж байна.
Тиймээс энэ мэт зардлыг бууруулснаар төслийн өгөөж сайжрах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.
-Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг батлах үеэр Засгийн газар 34%-аа татвар руу шилжүүлэх байдлаар өгөөжийг нэмэгдүүлэх тухай ярьсан. Ийм өөрчлөлт хийх боломжтой юу?
-УИХ-ын 92 дугаар тогтоол дээр 34%-аа рояалти буюу нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр орлуулах талаар судлах гэсэн заалтыг оруулсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар судална. Одоогоор солих, худалдах санал гаргаагүй байна. Төслийг бүхэлд нь харгалзсаны үндсэн дээр бид үр ашгийг сайжруулахад аль хувилбар нь илүү ашигтай вэ гэдэг дээр томоохон зөвлөх компаниудтай хамтарч судалгаа хийх хэрэгтэй. Энэ бол яарч шийдэх асуудал биш.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсээр ирсэн. Гэрээг ер нь өөрчлөх боломж бий юу?
-Дубайн гэрээг Монгол Улсын хууль журам, эрх ашигт нийцээгүй гэж дүгнэсэн учраас УИХ тогтоол гаргаж, сайжруулах чиглэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд Дубайн гэрээг анхаарч ажиллаж байна.
Мөн эдгээр гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж байгаа буюу ОТ төслийг хэрэгжүүлэх гэрээнүүдийг олон улсын гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа гэрээ тул нөхцөл байдал өөрчлөгдвөл урт хугацаанд байгуулсан гэрээг өөрчлөх боломжтой зохицуулалтууд бий. Тэгэхээр бид гэрээг огт өөрчлөхгүйгээр, ялангуяа санхүүгийн тооцоолол өөрчлөгдсөн байхад хэвээр нь үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл үүсээд байна. Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэж харж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдад тодорхой саналуудыг тавьсан. Тодруулбал,
- Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тогтоож судлах хөндлөнгийн шинжээчдийн баг томилж, дүгнэлт гаргуулах
- ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэх
Засгийн газраас санал болгосны дагуу далд уурхайн зардал хэтэрсэн нөхцөл байдал, шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэгтэй тусгай хороог Оюутолгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны 6 дугаар сарын эцсээр гарах хүлээлттэй байна.
Гэрээний хэрэгжилтийн тухайд дүгнэх боломжтой гэсэн хариуг РТ-ийн зүгээс өгсөн.
-Засгийн газар шаардлагатай бол Дубайн гэрээг цуцална гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэвч энэ төслийг зогсоовол Монгол Улс дампуурна, гаднын хөрөнгө оруулагч орж ирэхээргүй болно гэсэн зовнил бас байна.
-Засгийн газар төслийг зогсоох, далд уурхайн бүтээн байгуулалтыг саатуулах, хойшлуулах шаардлага гаргаагүй. Бид аль болох Дубайн гэрээг шинэчлэх, харилцан тохиролцож томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ үргэлжлүүлж ирсэн. Гэрээг энэ хэвээр хадгалж хэрэгжүүлэх боломжгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга байж болох хувилбарууд яригдаж байгаа.
Хэрэв хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд үр дүн гарахгүй бол Засгийн газраас нэг талын санаачилгаар энэ гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мэдээж бид аль болох харилцан тохиролцохыг хичээнэ. Хөрөнгө оруулагч тал ч, Засгийн газар ч асуудлыг хурц хэмжээнд хүрэхгүйгээр хэлэлцээ хийх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Далд уурхайг ашиглалтад оруулах нь аль аль талдаа ашигтай. Гэхдээ ЗГ тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өсгөх ёстой гэж харж байгаа. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байна.
Мэдээж бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, зээл хэлбэрээр санхүүжилт авахаас илүүтэй аль болох хувьцаанд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулагч талд ч, Монгол Улсад ч ашигай байдлаар хөрөнгө оруулалтын нөхцөлөө тохиролцох нь чухал байна. Хөрөнгө оруулагчид үргэнэ гэж бодоод бид ирээдүй хойч үедээ өр үлдээх тооцооллыг зүгээр хараад сууж болохгүй байх.
-Оны өмнө 649 тэрбум төгрөгийн акт шинээр тавьсан. Өмнөх татварын асуудлаар арбитрт маргаан үүсгээд байгаа. Ер нь яагаад татварын маргаан гараад, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна вэ?
-Зөвшилцлөөр шийдэх боломжгүй бол арбитраар шийдвэрлүүлнэ гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тул Лондонд арбитрын маргаан үүсээд явж байгаа. Гурван арбитрчаар бүрдсэн баг маргааныг шийдвэрлэнэ. Арбитрчдаа томилоод ажил үргэлжилж байна. Арбитрын үйл ажиллагаа нь нууцлалын протоколтой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
ОТ компани Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу татвараа зөв тайлагнасан эсэхийг шалгаад акт тавьсан байх. ОТ бол олон улсын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн стандартын дагуу бүртгэлээ хөтөлдөг гэж байгаа. Гэхдээ татварын тайлагнал бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой.
-Дахиад хэлэлцээний ширээний ард хэзээ суух товтой байна вэ?
-Хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Засгийн газар хэлэлцээнд бэлдэх зорилгоор санхүү, техник, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллаж байгаа. Америкийн “Акин Гамп” хуулийн фирм, геологи, усны нөөцийн чиглэлээр Германы “Фихтнер” зөвлөх компанитай ажиллахаар болж байна. Ямар ч хэлэлцээг сайн хийхийн тулд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэлэлцээний үйл явцыг тэр болгон мэдээлэх боломжгүй ч аль болох олон нийтэд ил тод үргэлжлүүлэх байх гэж харж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав