Эдийн засаг
Д.БЯМБАСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛ ДЭНДҮҮ ҮНДЭСЛЭЛГҮЙ БУУЛТУУД ХИЙСЭН
Оюутолгой төсөл дэх тодорхойгүй байдлуудыг залруулах ёстой. Нөгөө талаас Монголын тал баялгийнхаа эзэн байх тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан шинэ үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй.
УИХ-аас “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад арвандөрвөн сар болж байна.
Энэ хугацаанд Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч талтай байнга хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг өгч буй юм. Сүүлийн мэдээллээс үзэхэд Монголын Засгийн газар болон төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийн эрхийг хэрэгжүүлэгч талууд Арбитраар асуудлаа шийдүүлье гэдэг дээр “ойлголцол”-д хүрээд байна.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй Оюутолгойн асуудлаар ярилцлаа.
-Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд Арбитраар шийдвэрлүүлэх нь тодорхой болж байна л даа. 2009 оноос хойш энэ төсөлтэй холбоотойгоор олон л асуудал яригдаж өдийг хүрсэн. Гэхдээ суурь болон бусад гэрээнүүдэд чухам ямар өөрчлөлт оруулах ёстой юм. Өөрчлөлт оруулах эрэмбэ дараалал байх ёстой юу гэдэг дээр та өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага олон талаас ургаж гардаг. Монголын төр уг гэрээг байгуулахдаа баялгийг өмчлөгч эзний байр сууриас хандаж чадаагүй. Баялгийг эзэмшигч, ашиглагч тал давуу эрхтэйгээр орж ирсэн. Тухайн үед “Айвенхоу Майнз” байлаа, одоо бол “Рио Тинто”. Монголын төр, засаг өөрийн баялагтаа хяналт тавих ямар ч боломжгүй, нөгөө талын өмнө үүрэг хүлээсэн байдалтай л хоцорсон. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал дэндүү үндэслэлгүй буултууд хийсэн байдаг. Жишээлбэл, эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг орлогоос хамааран шатлалтайгаар төлөх ёстой. Орлого нь тэдэн хувь байвал 5 хувь, тэдээс давбал 10 хувь гэхчлэн шатлалтай төлдөг олон улсын жишиг бий. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтмол нөөц ашигласны төлбөрийг 5 хувь байхаар тусгасан. “Эрдэнэт Үйлдвэр” нөөц ашигласны төлбөрийг 16 хувиар төлж байхад, Оюутолгой 5 хувь хүрэх ч үгүй төлбөр төлж байгаа юм л даа. Оюутолгой ордын нөөц, хүдрийн агуулга нь “Эрдэнэт”-ээс гурав, дөрөв заримдаа тав дахин илүү байхад ижил технологитой, ижил ил уурхай ашиглаж буй мөртлөө “Эрдэнэт” нь Монголын төсөвт их наяд төгрөгийн орлого оруулж байхад Оюутолгой алдагдалтай гээд сууж байх жишээтэй.
Шалгалтын материалаас үзэхэд Оюутолгойн ажиллагсдын цалин хөлс нь гадаадын ижил үйлдвэрүүдтэй харьцуулахад дөрөв дахин бага байгаа. Татвараас зугтсан олон баримтууд гарлаа, удаа дараа зугтлаа л даа. Хаягаа Нидерланд руу шилжүүлэх гэж үзлээ. Янз янзын зөрчлүүд их гарсан даа. Тийм болохоор одоо энэ бүхнийг эцэслэн шийдэх хэрэгтэй.
Нөгөө талаас Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын эрх мэдэлтнүүдэд хээл хахууль өгсөн, тэднийг холоос бэлтгэж төрийн албан тушаалд суулгасан асуудлууд бий. С.Баярцогт гэхэд сайд болохоосоо өмнө хувьцаа эзэмшигч байсан юм билээ л дээ. С.Батболд гэхэд 2009 оны аравдугаар сард Ерөнхий сайд болсон шүү дээ. Гэтэл 2010-2012 онд С.Батболдын гадаад дахь хуурамч компаниудын дансууд руу 4-5 удаа их хэмжээний мөнгө цутгаж орсон тухай асуудал Нью-Йоркийн шүүх дээр яригдаж байна. Ч.Сайханбилэг гэхэд Дубайн төлөвлөгөөг УИХ-д мэдэгдэлгүйгээр, ҮАБЗ-өөр хэлэлцүүлэлгүйгээр дур мэдэж очиж байгуулаад, Монголоо хэчнээн тэрбум ам.долларын өрөнд орууллаа.
ТЭЗҮ нь гараагүй, нөөц нь батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь Монголын бүх хуулийг зөрчсөн үйлдэл. Гэрээ байгуулах үед 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, уурхайг ашиглалтад оруулна гэж байсан бол одоо зардлын тооцоолол арван хэдэн тэрбум ам.доллар болоод байна. Тэгэхээр ийм тодорхойгүй байдлуудыг залруулах ёстой. Нөгөө талаас Монголын тал баялгийнхаа эзэн байх тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан шинэ үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
-2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс 2023 оноос ногдол ашиг авахаар зохицуулсан гэж ойлгодог. 2015 онд Дубайн төлөвлөгөөг батласны дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлэхдээ Монголын тал 53 хувийн үр өгөөж авах нөхцлийг баталгаажууллаа гэж байсан. Гэтэл одоогийн Засгийн газраас манай тал ногдол ашиг авах хугацаа 2051 он хүртэл хойшлох нь гэх мэдээллийг өгөөд байна?
-Зөвхөн Дубайн төлөвлөгөөнөөс болоод ашиг хуваах нь хойшилж байгаа юм биш л дээ. 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд байна уу даа, “Айвенхоу Майнз”-ын Жон Маккен гэж хүн Монголын хэвлэлд ярилцлага өгөхдөө ашиг хуваах асуудлаар анхаарал татсан зүйл хэлсэн. Монголчууд та нар ашиг хуваах гэж горьдохоосоо илүүтэй тооцож сурах хэрэгтэй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, та нарт ашиг ногдохгүй ээ гэсэн үг. Ер нь үндэстэн дамнасан корпорацууд охин компаниуддаа бүтээгдэхүүнийг хямд өгчихөөд цааш нь аваачиж жинхэнэ үнээр нь худалддаг аргатай. Монголын эдийн засаг тэндээс ашиг харж, төлжинө гэж сууна гэдэг бол Монголчуудын өөрийн гэнэн арчаагүй байдлын илрэл. Уг нь орлогын тэдэн хувийг бид авна гээд гэдэг байдлаар гэрээгээ байгуулж болох л байсан. Дубайн төлөвлөгөөгөөр хөрөнгө оруулалтыг асар их нэмсэн. Тэрнээс болоод зардал нөхөгдөх хугацаа нь хойшилно. Гэхдээ манайхан Оюутолгой хэчнээн бүтээгдэхүүн, ямар үнээр гаргаж байгааг нарийн сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр тоогоо Монголын талд өгөхгүй байгаа. Тайланг нь харахаар алдагдалтай гарлаа гэсэн үзүүлэлтүүд л хөвөөд байдаг. Цаад тал нэг их ашиг олоод, бидэнтэй хуваана, бид ашиг хүртэнэ гэж үзэж байгаа нь манай тал арчаагүй, социализмын үеийн сэтгэхүйгээрээ сэтгэж байгааг л харуулж байна. Гаднын үндэстэн дамнасан корпорацуудтай ярьж байхад ашиг хүртэх тухай асуудал бол бараг байхгүй асуудал л даа.
Монголын төр гэрээ хэлцэл хийх мэргэшсэн бүтэц бий болгож чадаагүй. Гэрээ хэлцлүүд нь дандаа авлигач түшмэдүүдийн мэдэлд очдог.
-Монгол Улс 34 хувийг өр тавьж, эзэмших шаардлага байна уу. 34 хувьд ногдох зардлыг гаргаж чадахгүй хэрнээ өрөөр санхүүжүүлэх хувилбар сонгосон нь буруудсан уу?
– 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 34 хувийг нь хариуцах бол 1.3 тэрбум ам.долларын зардал манайд ногдоно. Гэтэл “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа хий нэмээд арван хэдэн тэрбум хүргэчихээр Монгол 3 тэрбумын өрөнд орно биз дээ. 34 хувийн асуудал сайн бодууштай зүйл л дээ. Нөөцийнхөө төлбөрийг зөв авах талаас хандвал хэрэгтэй. Киргизэд алтны орд ашиглахад нөөцийн төлбөр нь 18.1 хувь байхад манайд 5 хувь, бүр буугаад банканд тушаахад 2.5 хувь болж байгаа шүү дээ. Авах ёстой орлогоо олж авч чадахгүй байгаа мөртлөө хий дэмий худлаа юманд оролцож, хувьцааны ногдол ашиг авна гэж бодож суудаг нь манай өөрсдийн арчаагүй байдал. Монголын төр гэрээ хэлцэл хийх мэргэшсэн бүтэц бий болгож чадаагүй. Гэрээ хэлцлүүд нь дандаа авлигач түшмэдүүдийн мэдэлд очдог. Шуналдаа автдаг юм уу, цаад талынхаа эрх ашгийг хамгаалсаар өдийг хүрлээ.
-Олон жил яригдсан асуудлуудыг ямар ч байсан энэ Засгийн газар шийдвэрлэх гээд байгаа юм болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ таны хэлсэнчлэн манайд тийм мэргэшсэн баг, бүтэц сул. Хөрөнгө оруулагч талууд бол олон улсын шалгарсан хуульчдын багуудтай ойр, хамтын ажиллагаатай байгаа шүү дээ?
-Хуульч, арбитрчдаас гадна эдийн засагчид гэж хүмүүс хэрэгтэй л дээ. Монголын хууль шүүхийн байгууллагаар Оюутолгойтой холбоотой хэргийг шийдэж байгааг харахад шинжээчид нэртэй мэргэжлийн хүмүүс баймаар юм. Гэтэл тэд нар нь байхгүй. Халаасны хулгайч юм уу, согтуугаар танхайрдаг хүмүүсийг мөрдөн байцааж байгаа шиг л шүүх, прокурорын ажиллагаа яваад, мухардалд ороод байна. Эдийн засгийн дүгнэлт гаргаж аваад, дараа нь хууль хяналтынхан орж үндэслэлийг нь гаргах хэрэгтэй байх. Манай Засгийн газарт төдийгүй АТГ, хууль хяналтын байгууллагуудад энэ талын чадавх их дорой байна. Английн шүүхээр Оюутолгойтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа ноцтой баримтууд Нью-Йоркийн Шүүхийн цахим санд тавигдсан байгаа. Нью-Йоркийн дээд шүүхэд Оюутолгойн асуудлаар хэлэлцэгдэж байгаа маргаантай асуудлыг гаднын эрэн сурвалжлах мөшгөх байгууллагууд хөөж, гаргаж ирж байхад манайх эндээ одоог хүртэл тэр мэдээллийг авч, хэрэглэж чадахгүй, хөдлөхгүй л байна.
Ерөнхийлөгч сая Засгийн газраас Оюутолгойтой холбоотой материал ирүүлэхийг шаардлаа. Цаадуул нь өгөхгүй суугаад байгаа юм шиг байна. Манай төрийн байгууллагууд дотор Оюутолгойн асуудлаар санал нэгдэж, чадаагүй. Оюутолгойн асуудлаар ажилласан, тэдэнтэй харилцсан хүмүүс шууд нөлөөнд орох, улс орноо хуурах гэж оролдоод буй нь дэндүү тодорхой байна. Үүн дээр мэргэжлийн маш өндөр түвшинд л баг бүрдүүлж, ажиллах хэрэгтэй байгаа.
-Оюутолгойн асуудлаар төр засгийн түвшинд, дотооддоо ойлголцлоо нэгтгэж чадаагүй байгаа дүр зураг гадаад талд харагдах нь сайн зүйл биш байх л даа?
-Лондонгийн шүүхийн шийдвэр, Хонконгийн шүүхийн шийдвэр гарсан байна. Сингапур, Карибын шүүхийн шийдвэр гээд баримттай, нотолгоотой гараад, хөрөнгийг нь битүүмжилсэн байхад Монголын тал хөдлөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлнэ шүү дээ. Нөгөө талаас манай дотоодод Оюутолгойн булхайгаа илчлэх, шүүмжлэлтэй хандах юм бол дэлхийд муухай харагдна гэж үзэж харж байгаа хэсэг УИХ, Засгийн газрын бүтцийн түвшинд ч байна. Ер нь бид дарга сайдаар ямар хүмүүсийг удаа дараа тавьж өнөөг хүрснээ эргээд харахад байдал ер нь тодорхой болно шүү дээ.
-Хөрөнгө оруулагчид төслийн зардал босгож байгаа. Манай 34 хувьд ногдох зардлыг тэд босгож байгаа. Гэхдээ Оюутолгойгоор барьцаа хийж байгаа шүү дээ. Бид барьцааг нь өгч байгаа нь зардлаа бууруулах нөхцөл байж болох уу?
-Оюутолгойн нөөц баялгийг барьцаанд тавьж зээл авдаг нь “Рио Тинто”. Барьцаанаас гаргадаг нь манайхан болчихсон юм шүү дээ. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайн муу ч гэсэн үүн дээр цааргалаад байсан. Гэтэл Засгийн газрыг унагаад дараагийн засаг, Ч.Сайханбилэг гарч ирээд зохион байгуулалттай хийсэн. Дубайн гэрээнд “Рио Тинто” зээл аваад төлсний дараа дахин зээл авахдаа дахин Оюутолгойг барьцаанд тавьж болно гэсэн заалт байгаа. Тэгэхээр Монгол Улс өв баялгаа “Рио Тинто”-д өгсөн гэсэн үг. Энэ бол олон талын сургамжтай зүйл л дээ. Иймэрхүү байдалд Монголоо шахаад оруулчихаж байгаа юм.
-Хөрөнгө оруулагч талууд нэмэлт санхүүжилт татах гарцуудын нэгийг Оюутолгойн алтыг урьдчилан худалдах явдал гэж тохирсон шүү дээ.
-Урьдчилж зарна гэдэг бол үйлдвэрлэл яваагүй байхад үр дүнг “Рио Тинто” амсаад явна. Хөрөнгө оруулалт ашиглалтын явцад нөхөгдөнө. “Рио Тинто” хөрөнгөө нөхөж авсны дараа гараад явна. Харин Монгол Улс олборлосон алтыг зээл авсан газраа өгөх хэрэгтэй болно. Улс орноо ийм балай юм руу түлхээд байгаад өөрийн түшмэдүүд мэргэжилтнүүдийг шалгах хэрэгтэй юм.
-Цаг гарган ярилцсан Танд их баярлалаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна