Эдийн засаг
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.26) цахим хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлаар үргэлжлэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, хариулт авсан.
Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал буюу төслийн 73 дугаар зүйлийн “73.1.10 дахь заалтыг 73.1.11” гэж “73.1.11 дэх заалтыг 73.1.10” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон тодруулга хийсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, С.Чинзориг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1,75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, бөгөөд эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйг дурдаад, БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хийсэн техник эдийн засгийн үнэлгээний дагуу уг үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсан гэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна гэж байлаа.
Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нэмэлт тайлбарыг өглөө.
Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжлээ
Хуралдаан Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг дурдаад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аль улсын ямар вакцин худалдан авахаар ажиллаж байгааг тодруулахын зэрэгцээ вакцин хүлээн авах бэлэн байдлын талаар лавлав. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн санхүүжилтийн хэдэн хувийг зарцуулах талаар илүүтэй тодруулсан.
Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хариултдаа тодотгоод, уг ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад эхний ээлжинд нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ. Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдснийг дурдаа бусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна гэж байлаа.
Түүнчлэн тэрбээр, эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакцинаас Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэв. Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг хүрээнд вакцин худалдан авахад 19, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.
Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна