Дэлхий дахинд
ПУТИН: УЙТГАРТАЙ БАЙНА, ОХИД ОО….
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь хамааралтай гэгдэх том ордоны тухай өгүүлсэн киноны талаар анх удаа тайлбар өглөө. Тэрбээр уг киног бүтнээр нь үзэх сонирхолгүй байсан тул зөвхөн туслахуудынхаа бэлтгэсэн видео хэсгүүдийг үзсэн аж.
Алексей Навальныйн мөрдлөг-кинон дотор дүрслэгдсэн ганц ч объект түүнд хамааралгүй, урд хожид ч түүнд болон гэр бүлд нь огт хамаагүй байсан хэмээн Путин мэдэгджээ. “Миний өмч хөрөнгө мэтээр тэнд дүрслэгдсэн зүйлсээс аль нь ч надад болон миний ойр дотныхонд хэзээ ч хамааралтай байгаагүй” гэж Оросын оюутны өдрийг тохиолдуулан видео хурал хийх үедээ өгүүлсэн байна. Уфа хотын Газрын тосны техникийн их сургуулийн оюутан Даниил Чемезов кинонд гарч буй ордон харшийн тухай асуултыг түүнд тавьсан учраас ийнхүү хариулсан аж. Алексей Навальныйн уг мөрдлөгийг Путин зохиомол бүтээл, эвлүүлэг хэмээн нэрлээд, “Эрвээхий хэв маягаар сэлж буй миний зургийг тэнд байршуулсан харагдана лээ. Одоо хэлэхэд эвгүй хэдий ч, би хааяахан тэгэж сэлэх дуртай. Гэвч миний хэзээ ч очиж үзээгүй ямар нэгэн усан сан дотор сэлж байсан. Энэ юун усан сан болохыг би огт мэдэхгүй. Гэвч би яг тэгэж сэлж байсан шүү. Гэхдээ хэзээ, хаана гэдгийг хэлье. 2016 онд Енисей мөрөнд. Харин тэр кинон доторх зураг бол зүгээр л зохиомол эвлүүлэг. Бидний сайн мэдэх алдартай нэгэн гол дүрийн баатрын хэллэгээр “Уйтгартай байна, охид оо. Ямар нэгэн арай өөр зүйл бодож олооч дээ” хэмээн Ерөнхийлөгч тохуурхангуй өгүүлэв. Тэрбээр уг кинонд дурдагдаж буй зарим хүмүүсийг мэднэ гээд, “Тэнд яригдаж буй хүмүүс дотроос хэн нэг нь миний хамтрагч, урд нь хамт ажиллаж байсан хүн, зарим нэгэн холын хамаатнууд, танилууд байснаас гадна миний огт танихгүй, мэдэхгүй хүмүүс ч тэнд дурдагдаж байна лээ” гэж Путин тайлбарлалаа. Уг киног бүтнээр нь үзээгүй гэдгээ тайлбарлахдаа “Тиймэрхүү мэдээллийг үзэж хараад суух илүүдээ гарсан цаг зав хомсхон учраас би бүтнээр нь үзэлгүй, харин туслахуудын авчирч харуулсан видео хэсгүүдийг л сонирхсон” хэмээн тэрбээр дурджээ. Түүний тансаг орд харшийн тухай мэдээлэл 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд харин одоо тэрүүгээр иргэдийн тархийг угаахад тохиромжтой цаг үе таараад байгаа, иймэрхүү интернэт-киног зохиомлоор бүтээхийн тулд ямар нэгэн видеопрограммууд ашигласан байж таарна гэдгийг тэрбээр тайлбарлав. Түүнээс өмнө Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Путины орд харшийн” тухай уг киног “эвлүүлэг, хог хаягдал” хэмээн шүүмжилж байсан юм.
“Навальный болон кино нь тус тусдаа ажиллаж байна”
Навальныйн бүтээсэн баримтат киног асар олон үзэгчид сонирхож байгаа учраас түүнийг “гайхалтай үзэгдэл”, “харилцаа холбооны тэсрэлт” хэмээн улстөр судлаач Глеб Павловский нэрлэжээ. “Киног үзсэн сая сая хүмүүсээс чухам хэд нь Навальныйг дэмжин жагсахад бэлэн байгааг бид сайн мэдэхгүй. Харин өнгөрөгч оны сүүлчээс эхлэн Навальныйн рейтинг оюутан залуусын дунд ихэд өсөж, Путинг гүйцэж түрүүлэн эхний байранд орчихоод байгаа” талаар тэрбээр ВВС-ийн сурвалжлагчид сонирхуулав. Түүний өгүүлснээр, улс төрийн менежер, технократуудын Навальныйн баривчилгааны талаарх тусгай ажиллагааны үзэл суртал хүмүүсийн нүдэн дээр “нуран унаж”, өөрөөр хэлбэл, хүчнийхэн ялагдал хүлээгээд байгаа аж. “Тэд асуудлыг шийдэх хариуцлагыг өөрсөд дээрээ үүрсэн хэдий ч шийдвэрлэж чадаагүй. Тэдний зохицуулж чадахгүй эрсдэл бий болсон учраас шийдвэрлэж чадахгүйд хүрсэн. Одоо хүчний байгууллагынхан Навальныйн ажилтнуудыг баривчилсаар байгаа хэдий ч олон нийтийн дунд дэгдсэн үйл явцыг зохицуулж чадахгүй байгаа” хэмээн тэрбээр онцлон дурджээ. “Навальный болон түүний бүтээсэн баримтат кино нь тус тусдаа амжилттай ажилласаар байна. Тэд сөрөг хүчнийг, ялангуяа түүн доторх залуусыг сэрээсэн нь өвөрмөц нөхцөл байдлыг бий болгон, Путинд маш хүчтэй цохилт өглөө” хэмээн Павловский тайлбарлав.
“Путины үл хөдлөх хөрөнгийн тухай өгүүлсэн энэ кино яагаад ийм төсөөлшгүйгээр ихэд алдаршив. Мэдээж, олон нийтийн сүлжээний үр нөлөө их байгаа. Зарчмын хувьд аваад үзвэл, хэрэв Навальный маргааш “Макдональдс”-ийн мөрдлөг хийлээ гэж бодоход түүний тухай өгүүлсэн кино Путины орд харшаас ч дутахааргүй өндрийг авах болно” гэж “Трансперенси Интернешнл-Р”-ийн дэд захирал VTimes-д бичжээ. “Навальныйн үйл ажиллагааны хамрах хүрээ улам өргөжсөөр байгааг бид харж байна. Эхлээд Төрийн Думын депутатууд, дараа нь ерөнхий прокурор, Ерөнхий сайд гэх мэтээр хөвөрсөн. Одоо харин Путины ээлж ирлээ. “Твиттер”, “YouTube” гэх мэт медиа сувгууд ч Навальныйд үнэхээр онцгой “хүчин зүтгэж” байгаа” хэмээн шинжээч эрхэм дүгнэв. Уг видео нийтлэгдсэнээс хойш 48 цагийн доторх үзэлтийн тоогоороо орос хэлтэй YouTube сувагт дээд амжилт тогтоожээ. “Сүүлийн хэдэн жил дэх алдар цуутай эстрадын оддын бичлэгийг ч давж гарахаар үзэлтийг энэхүү видео авч чадлаа. Хэдхэн хоногийн дотор 44 сая хандалт авна гэдэг хөгжөөнт шоу биш иймэрхүү бичлэгийн хувьд гайхмаар үзүүлэлт” гэж рекламны нэгэн алдартай группын топ-менежер, Blacklight агентлагийн SMM-захирал Антон Ангел сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Навальныйг дэмжсэн бүх Оросын эсэргүүцлийн хөдөлгөөнийг Путин хэрхэн дүгнэв
Энэ сарын 23-нд буюу өнгөрөгч бямба гарагт Оросын 100 гаруй хотод Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаан болсон билээ. Москва хотод гэхэд, 40 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Оросын түүхэн дэх хамгийн нүсэр арга хэмжээ боллоо хэмээн зарим олон нийтийн зүтгэлтнүүд үзжээ. Эсэргүүцлийн тэдгээр хөдөлгөөний талаар Путин тайлбарлахдаа, “Хүн бүр хуулийн хэм хэмжээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй хэдий ч хуулийн хязгаарыг давсан үйлдлүүд зөвхөн сөрөг үр дагавартай төдийгүй маш аюултай. Хуулийн дагуу бол цагдаагийнхан үйлдэл хийх ёстой” хэмээн өгүүлэв. “Хуулийн хил хязгаараас давсан нөхцөл байдал Орос оронд нэг бус удаа үүсэж, нийгэм, төр засгийг савлахад хүргэж байсан. Ийм үед зөвхөн үйл явдлыг өдөөж турхирсан этгээдүүд төдийгүй түүнд ямар ч хамааралгүй энгийн ард иргэд хүртэл хохироход хүрдэг” гэж тэрбээр онцолжээ.Мөн АНУ-д Капитоли ордон руу хийсэн халдлагын тухай Путин сануулаад, “Вашингтонд гэхэд, парламентын ордноо эзэлсэн. Тэгвэл тэдгээр хүмүүсийг яаж байгаа бол. Холбооны мөрдөх товчооны удирдагчдын нэг нь “Бид урт гартай учраас бүгдийг олж, бүгдийг суулгах болно” гэж хэлсэн. Дотоодын терроризм гээд 15-25 жил ч оноох магадлалтай. Тэд ч гэсэн улс төрийн уриа лоозонтой гарч ирцгээсэн хэдий ч хуулийн хязгаараас давсан. Тэгвэл манайд яахаараа хуулиас давсан бүгдийг зөвшөөрнө гэж. Үгүй шүү” хэмээн эрсхэн өгүүлэв.
Геленжик дэх ордон
Навальныйн “Дворец для Путина” кино энэ сарын 19-нд YouTube-д нийтлэгдсэнээс хойш одоогийн байдлаар 90 сая гаруй хандалт аваад байна. Энэ бол Геленжикээс холгүй, Хар далайн эрэг дээр байрлах нүд гялбам ордон харшийн талаар өгүүлдэг хоёр цаг үргэлжлэх кино юм. Уг ордон Ерөнхийлөгч Владимир Путины эзэмшлийнх бөгөөд түүний тойрон хүрээлэгчид санхүүжүүлдэг хэмээн Навальный батлаад байгаа юм. Навальныйн өгүүлснээр, энэхүү ордон өргөөг жирийн хамгаалагчид, цэцэрлэгчид, барилгачдаас авахуулаад Оросын хамгийн баян, алдартай хүмүүс гээд хэдэн зуу, мянган хүмүүс харж ханддаг аж. Тэнд ажиллагсдад камертай гар утас хэрэглэхийг хориглодог бөгөөд тийшээ ирж буй машинуудыг видеокамер бүхий толь, оношлогооны нүхний тусламжтайгаар бүхээг, ачаа тээшний хэсгийг нарийн нягт нэгждэг тухай Навальныйн мөрдлөгөд өгүүлжээ. Уг цогцолборын нийт талбай 68 га, ордны хэмжээ нь 17691 метр/кв . Ордны ойролцоох долоон мянган га газар нь Холбооны аюулгүй байдлын зөвлөл /ХАБЗ/-ийн мэдэлд буюу хаалттай бүс нутагт тооцогддог тухай мөрдлөгөд дурдаад, уг ордонг Орос дахь хамгийн том хувийн байшин хэмээн Навальный нэрлэсэн байна. Хаалттай газар нутаг дээр тус ордноос гадна битүү мөсөн ордон, сүм хийд, 2,5 мянган метр/кв хүлэмж, 80 метр урт гүүр, амфитеатр байрладаг аж. Тэрхүү ордон эгц эрэг дээр байрладаг учраас далай руу гарахад зориулж тусгай хонгил ухсан, түүний төгсгөл хавьд далай руу харсан үзэмж бүхий амталгааны өрөөтэй талаар уг мөрдлөгөд өгүүлжээ. Бас ордон байрладаг хошууны ойролцоо загасчлах, хаалттай газар нутаг дээгүүр онгоц нисэхийг ХАБЗ-ийн зүгээс хориглодог гэнэ. Энэхүү баримтат кинонд ордны план зураг болон өрөө тасалгаануудыг 3D загварчлалын тусламжтайгаар үзүүлэх бөгөөд тэдгээр зургуудыг тэнд засвар хийж байсан ажилчид авсан хэмээн Навальный тайлбарлажээ. Ордон дотор хэд хэдэн саун, усан сан, үсчний газар, аквадискотека ажиллаж, мөн өвлийн цэцэрлэг, хөгжимт зочны өрөө ч байрладаг аж. Ордон доторх зөвхөн ганц унтлаганы өрөөний талбай гэхэд 260 м/кв, тавилгууд дотор 2,6 сая рублийн үнэтэй ваар, гурван саяын үнэтэй буйдан, 4,3 сая рублээр үнэлэгдэх кофены ширээ хүртэл байна. Мөрдлөгийн киног бүтээгчид уг ордны санхүүжилтийн схемийг гаргаж, Путины эртний хамтрагч, “Транснефть”-ийн тэргүүн Николай Токарев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нараас гадна бизнес эрхлэгч Юрий Ковальчук, Геннадий Тимченко нар тэнд дурдагджээ. Мөн “Проект”-ийн мэдээлэлд Путины дотны танил хэмээн нэрлэгдээд буй Светлана Кривоногих, Ерөнхийлөгчтэй янаг амрагийн харьцаатай хэмээн олон жилийн турш хэвлэлүүдэд бичигдээд байгаа гимнастикч Алина Кабаева нар ч схемд багтсан аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ