Эдийн засаг
ЧЕНЖҮҮД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ МАХНЫ ҮНИЙГ НЭМЖ БАЙНА

Хонины мах Эмээлт дээр 7200 төгрөг байгаа ч Дэнжийн мянгынхан 10 мянган төгрөгөөр борлуулж байв
Арав хоногийн дараа хаврын тэргүүн сар гарч, Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн монголчууд бид хоёр дахь жилийнхээ Цагаан сарыг хөл хориотой, ам хаалттай өнгөрөөх гэж байгаа. Гэвч олон жилийн уламжлал, төрт ёс учраас гэр, гэртээ идээ будаагаа засаж, ууцаа тавихыг чухалчилдаг. Тэгээд ч билэгдлийн ард түмэн учраас тухайн жилийнхээ өнгийг тавгийн идээгээрээ шинжиж, сайн сайхныг ярилцдаг. Харамсалтай нь жилийн жилд монголчуудын энэ л хүсэл сэтгэл дээр дөрөөлөн махны ченжүүд энэ өдрүүдэд үнээ нэмж, халаас нимгэн иргэдээ сэгсэрдэг болоод удаж байна. Энэ жилийн тухайд “Хүчит шонхор” зах дээр махны үнэ огцом нэмэгджээ. Мөн сарын эхэн болж тэтгэвэр тэтгэмж, халамжийн мөнгө бууж байгаа нь тэднийг үгсэн хуйвалдаж үнээ нэмэхэд ч хүргэдэг хэмээн настайчууд гомдоллож байв. Сардаа олгодог хэдэн төгрөгөө барин зах руу жирийлгэх иргэдийн тоо нэмэгдсэнээр ченжүүд махны үнээ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмдэг болсныг тэтгэврийн хөгшид андахгүй. Дэнжийн мянга руу явдаг замууд бүгд түгжрэлтэй, машин тавих ч зогсоол олдохгүй пиг дүүрэн байлаа. Уулзвар дээр бараг цаг түгжрэв. Зогсоол байхгүйн улмаас ойр хавийн гудамж ч машинаар хахжээ. Энэ нь Сар шинийн бууз баншаа хийхээр махны эрэлд гарсан хүмүүсийн урсгал гэхэд хилсдэхгүй.
“Хүчит шонхор” захын хашаанд хонины гулууз, адуу, үхрийн мах бөөний үнээр зарж байгаа машинууд нэлээд их байна. Сонирхолтой нь, мах борлуулж байгаа хүмүүсээс хаанахын мах вэ гэж асуухаар бүгд хэлэлцсэн юм шиг “Сүхбаатар, Хэнтий” гэж хариулах нь чихэнд содон. Учир нь зүүн аймгуудын малын мах амт шим сайтай, тарга тэвээрэг гайгүй гэсэн яриа иргэдийн дунд байдгаас махны ченжүүд тийнхүү хэлдэг нь ч нууц биш.
Хэдхэн хоногийн өмнө хонины мах нэг килограмм нь 7000 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 10 мянган төгрөгөөр борлуулж байна. Өнгө үзэмж муутай, хадгалалт тааруу, туранхайвтар хэд нь 9500 төгрөгөөр зарагдаж байв. Харин хонины мах гулууз нь 7500-7800 төгрөг байгаа бол ууцны хонь хэмжээнээсээ хамаараад 8000-8500 төгрөг гэж байлаа. Харин үхрийн махны бөөний үнэ 8500 төгрөг байгаа юм. Гэтэл жижиглэнгээр борлуулдаг дотор лангууныхан хонины махыг 10 мянга, үхрийн мах 12500, адууны мах 8800, ямааны махыг 9500 төгрөгөөр борлуулж байх аж. Уг нь тус захын удирдлагууд саяхан түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлсэн тухайгаа сошиалаар мэдэгдэж, зарим нэг хэвлэлээр ч энэ тухайгаа мэдээлж байсан. Харамсалтай нь түрээслэгчид нь үнээ нэмж, орлогогүй байгаа иргэдээрээ тохуурхаж байнгаа нь харамсалтай.
Сурвалжлах баг Улаанбаатарын иргэдийг махаар хангадаг гол цэг болох Эмээлт зах дээр махны үнэ ханш хэд байгаа талаар мэдэхээр зорьсон боловч хот дотроо шалган нэвтрүүлэх цэгтэй болохоор биднийг Эмээлт зах руу гаргасангүй. Утсаар авсан мэдээллээр тус зах дээр хонины махыг 7200 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Даанч иргэдийг товчоогоор нэвтрүүлэх боломжгүй учраас Дэнжийн мянгын ченжүүдийн тулгасан үнээр хоногийн хоол, баярын ширээний махаа худалдаж авахаас өөр гарцгүй болж байна. Нэг үгээр ченжүүдийн тулгасан үнийг дийлэхгүй бол хоногийн хоол, баярын буузгүй үлдэхээс өөр сонголтгүй болох нь. Тиймээс л “Намайг хэн тоож, нохойг хэн…” гэдэг шиг үл тоож басамжилсан хэдэн ченжүүд төрт ёсны их баяр, хөгшчүүдийн тэтгэвэр буух цагаар махны үнийг тэнгэрт хадааж сууна. Засаг төр, хууль журамтай л юм бол эднийг шалгаж, тохирох хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй ч гэдгийг худалдан авагчид хэлж байсан. Хэдийгээр аливаа бараа, бүтээгдэхүүний борлуулалт зах зээлийнхээ журмаар явах учиртай ч бүх нийтээр нь хөл хорьсон, цар тахлын онцгой нөхцөлтэй байгаа энэ үед ингэж дураараа авирлаж боломгүй санагдана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг9 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав