Энтертайнмент
МОНГОЛ ЯПОНЫ ТОГЛОЛТ ЧИБАД ЯВАГДАХ БОЛЛОО
“Катар-2022″ ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн 7 дахь тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан. Тоглолт гуравдугаар сарын 30-нд Улаанбаатарт болох байсан билээ. Харамсалтай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн юм.
Ингэснээр тус тоглолт гуравдугаар сарын 30-нд Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фүкүда Дэнши Арена-д явагдахаар боллоо.
Тус тоглолтын өмнө манай шигшээ гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.