Эдийн засаг
Л.АРИУНАА : ТӨР, ЭДИЙН ЗАСГАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Д.Нэргүй
“Багш хүн алхам тутамдаа хөгжиж боловсорч байх ёстой” гэдэгт бүрэн дүүрэн суралцаж ирсэн Удирдлагын академийн Эдийн засаг, Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Эдийн засгийн ухааны доктор, профессор Л. Ариунаа Монгол Улсын төрийн санхүү төсвийн бодлогыг судлахад оюунаа чилээж яваа эрдэмтэн багшийн нэг билээ. Тэрбээр гадаадын олон оронд суралцаж, мэдлэг боловсролоо зузаатгаж, хамтран эрдэм судалгааны ажил хийж, уригдан ажиллаж, амжилт үзүүлсэн гээд яриад байвал ихийг дурьдаж болно. Эдүгээ Удирдлагын академийн Эдийн засаг санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм билээ.
-Дөнгөж сургуулиа дүүргээд Удирдлагын академид урилгаар ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Энэ торгон мөч таныг өнөөгийн байр сууринд авчирсан байх аа?
-Миний хувьд 1989 онд Уралын политехникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж ирээд Дөрөвдүгээр цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байлаа. Гэвч эдийн засгийн ухааныг судлах миний багын мөрөөдөл байсан. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтэд (одоогийн Удирдлагын Академи)- д суралцаж Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Удалгүй тухайн үеийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Энхтайван багш “Манай тэнхимд эдийн засгийн багш хэрэгтэй байна, чи бол манай бизнесийн удирдлагын магистрыг төгссөн, инженер хүн, математик тоондоо сайн, эдийн засгийн хичээлдээ сайн суралцсан учраас багшилж чадна гэсэн” санал тавьж билээ. Энэ үеэс Удирдлагын Академийн эдийн засгийн тэнхимд багш болж, сургалт судалгаа шинжилгээ, эдийн засгийн ухааны салбартай холбогдсон доо.
-Дуртай ажлаа хийнэ гэдэг амжилтын үндэс. Эндээс таны багшилж байгаа он жилүүд дандаа сургалт, судалгаа шинжилгээний ажил, ном бүтээлд зориулагдаж ирсэн байдаг шүү дээ?
-1997 оноос эхэлж багшилсан. Энэ хугацаандаа “Макро эдийн засаг”, “Банк, санхүүгийн удирдлага”, “Санхүүгийн зах зээл”, “Төрийн эдийн засгийн бодлого, зохицуулалт”, “Улсын салбарын эдийн засаг”, “Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн удирдлага”, “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтолцоо”, “Монгол Улсын эдийн засаг, хөгжил, хандлага” зэрэг хичээлийг төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт, магистр болон докторын ангид зааж байна.
Энэ чиглэлээрээ Төрийн санхүү төсвийн удирдлага, төсвийн бодлого, төсвийн харилцааны чиглэлээр судалгаа хийж, бодлогын зөвлөгөө өгч, ном бүтээл бичсэн. Дараа нь 2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр суралцаж Төрийн удирдлагын магистр хамгаалсан. 2006 онд Потсдамын Их сургуульдаа докторантаар элсэн орж, 2010 онд “Монгол Улсад төвлөрөл сааруулах, төсвийн харилцааны асуудал” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Маш чухал сэдэв байна. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Төсвийн харилцааны талаарх судалгаа гэдэг нь тухайн улсын засаг захиргааны түвшин тус бүрийн чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэл хоорондоо хэрхэн харилцан уялдаатай ажиллаж байгаад дүн шинжилгээ хийж, тэрхүү чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэлийг зөв тохируулсанаар төрийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулахад чиглэдэг гэсэн үг. Жишээ нь орон нутаг бие даан хөгжиж, аймаг, сумандаа сайхан амьдрах нөхцөлийг яаж бий болгох, Улаанбаатар хотын хэт төвлөрөл замын түгжрэлийг хэрхэн шийдэх, хүрээлэн буй орчны бохирдолыг бууруулах, байгаль хамгаалах ажлын үр дүнг хэрхэн сайжруулах зэрэг шийдлийг олох зорилготой судалгаанууд хийдэг. Энэ чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнд нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэрэг 60 гаруй бүтээлээ англи, монгол хэлээр бичиж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. Тодруулбал, 2007 онд Потсдамын их сургуулийн Төрийн санхүүгийн тэнхимд докторант байхдаа анхны нэг сэдэвт бүтээл болох “Монгол Улсад төсвийн төвлөрөл сааруулалтын нөхцөл байдал” (Status Quo on Fiscal Decentralization in Mongolia), 2010 онд “Монгол Улсад төвлөрөл сааруулах, төсвийн харилцааны асуудал“ (Fiscal Federalism and Decentralization in Mongolia) номыг англи хэлээр бичиж хэвлүүлсэн. Эдгээр бүтээлд Монгол Улсад төсвийн төвлөрөл сааруулах реформ түүний хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, сорилт, тулгарсан бэрхшээл, сургамжид дүн шинжилгээ хийж шийдэх хувилбарыг дэвшүүлсэн. Ингэснээр төсөв хоорондын санхүүгийн дэмжлэгийн тогтолцоог сайжруулах, санхүүгийн шилжүүлгийг томьёонд тулгуурлан хуваарилах санал 2011 оны Төсвийн тухай хуульд Орон нутгийн хөгжлийн сангийн хувьд бодитоор хэрэгжсэн.
-Үүгээр зогсохгүй гадны эрдэмтэдтэй хамтарч Монгол Улсдаа хэрэгтэй олон судалгааны ажлыг хийсэн байдаг?
-Төрийн санхүү төсвийн бодлого, орон нутгийн төсвийн удирдлага, төсвийн харилцааны чиглэлээр Герман болон Щвейцарын эрдэмтэд мөн Дэлхийн банк, Щвейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын эдийн засагчид, зөвлөхүүдтэй хамтарч олон судалгаа хийж, хамтын бүтээл гаргаж хэвлүүлсэн. Мөн Япон улсын Квансей Гакуин их сургуулийн Бизнесийн сургуульд зочин профессор, ХБНГУ-ын Засгийн газрын харьяа Хөгжлийн бодлогын хүрээлэнд судлаачаар ажиллаж хамтарсан судалгаа хийж, хамтын бүтээл гарган ажиллаж байна. 2017 оноос Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
-Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол эд ийн засгийн бодлого, үр ашигтай зарцуулалт байдаг?
-Аливаа улс орны хөгжлийг хувьд хоёр зүйлийг хэрхэн шийдэж байгаад үндэслэн үнэлдэг. Нэгдүгээрт: эдийн засгийн ховор хомс нөөц, баялагийг хуваарилахдаа үр ашиг ба тэгш эрхийг хэрхэн шийдэж байна. Үр ашигтай байх гэдэг нь эдийн засгийн бодлого ажил эрхлэлтийн түвшин өндөр байхад илүү анхаардаг өөрөөр хэлбэл бүх хүмүүс ажилтай байх, харин тэгш эрхийг хангах гэдэг нь ядуурлын эрсдэлийг бага байлгахад бодлогоо чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл ядууралыг бууруулахад илүү анхаарна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт: Эдийн засгийн өсөлт хөгжлийн гол орчин, нөхцөл нь тухайн орны эдийн засгийн систем тогтолцоо. Улс орнуудын эдийн засгийн тогтолцоо нь зохицуулалтын механизмаас хамааран ялгаатай байдаг, энэ нь төвлөрсөн бус зах зээлийн зохицуулалт ба төвлөрсөн төрийн зохицуулалт ямар хослолоор хэрэгжиж байгаагаас хамаарна. Жишээлбэл, баруун Европын улс орнуудын хөгжлийн загварын нийтлэг шинж нь зах зээл болон төрийн зохицуулалтыг зохистой хослуулсан, хөгжлийн алсын хараа нь маш сайн ажиллах орчин бүрдүүлэх болон амжиргааны өндөр түвшинг хангахад чиглэдэг. Тиймээс эдгээр орны хөгжлийн үндсэн зарчим нь шударга ёсны зарчмаар иргэн бүрт тэнцүү боломж олгох, баялгийн хуваарилалтын тэгш эрхийг хангах юм. Хөгжлийн загварын хувьд ийм нийтлэг зүйл байгаа боловч улс бүр өөр өөрийн онцлог бүхий хөгжлийн загвартай.
-Эндээс эдийн засагт төр ямар үүрэг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл Засгийн газар юу хийх вэ гэдэг нь тодорхой байх ёстой шүү дээ. Дэлхийн улс орнуудын энэ талаархи арга туршлагууд ч байдаг?
-Тийм ээ, Ямар үед зах зээлийн зохицуулалтын механизм байх, ямар үед төрийн зохицуулалтаар нөлөөлөх, ямар үед хувийн хэвшлийн оролцоогүй төрийн зохицуулалт байх вэ гэдэг асуудлыг өөрийн орны хөгжлийн онцлогт тохируулан шийдэх учиртай. Эдийн засаг дах төрийн оролцоо бага байвал сайн гэсэн ташаа ойлголттой байдаг. Манай улсад төрийн оролцооны үзүүлэлт 2011 онд 45 хувь байсан бол өнөөдөр 30 гаруй хувь хүртэл буурсан ч бидний амьдралын түвшин дээшлээгүй, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж, чанар төдийлөн сайжраагүй, нийслэлийн авто замын түгжрэлийн асуудал шийдэгдээгүй, төрийн үйлчилгээ хүнд суртал авлига байсаар л байна. 2010 онд Засгийн газрын нийт зардал 3 их наяд төгрөг байсан бол 2020 онд 11 их наяд төгрөг болж даруй 3.6 дахин өссөн. Гэтэл ажилгүйдэл, ядуурал, наад захын төрийн үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд, авто зам, нийтийн тээврийн хангамж хүрэлцээ муу, дутагдалтай хэвээр л байна. Эдгээр асуудлыг шийдэхийн төсвийн зардлын шинжилгээ буюу Засгийн газрын чиг үүрэгт дүн шинжилгээ хийж төрийн үүрэг оролцоог оновчтой болгох хэрэгтэй. Дэлхийн улс орон, ялангуяа өндөр хөгжсөн улсууд 2-3 жил тутамд төсвийн зарлагын дүн шинжилгээг хийсний үндсэн дээр төрийн үйл ажиллагаа, иргэдэд үйлчилгээ хүргэх ажлаа сайжруулж байдаг.
-Энэ талаар ч та судалсаар байгаа шүү дээ?
-Миний хувьд Засаг захиргааны түвшин хоорондын төсвийн харилцааны асуудлыг, тодруулбал засаглалын түвшин тус бүрийн чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэл хэрхэн харилцан уялдаатай ажиллаж байгаа талаар судалдаг. Тэрхүү чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэлийг зөв тохируулсанаар төрийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах боломжтой болно. Энэ өөрчлөлт шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхгүй бол хичнээн зөв бодлого байлаа ч үр дүн муутай, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсаар байна гэсэн үг. Нөгөө талаас ашигт малтмалын баялагаа ашиглаж хөгжихийн тулд зөв бодлого гаргаж, түүнийгээ сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад орны туршлага, практикаас харахад байгалийн баялагаа ашиглаад эдийн засаг нь сэргээд хөгжсөн “байгалийн баялагаас ерөөл” хүртсэн ч улс байна. Харин үүнийгээ зүй зохистой ашиглаж чадаагүй ард түмний амьдрал нь дээшлэхгүй, улс нь өрөнд ороод “баялагийн хараал” хүрсэн олон орон байна. Баялагийн хараал, ерөөл хүртэх нь тухайн орны эдийн засгийн бодлогоос хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) -ээр хэмждэг, уул уурхайн ордыг ашиглаад олсон орлого нь ДНБ-д тооцогдож эдийн засаг өсч байгаа боловч тэрхүү бий болсон орлого гадагшаа гарч бидний амь амжиргаанд бараг нөлөө үзүүлэхгүй, түүнчлэн байгалийн баялагийг маань ашиглаж хорогдуулж байгааг тооцохгүй байна. Тиймээс үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ)-ээр эдийн засгийн өсөлтөө тооцох хэрэгтэй. Энэ үзүүлэлт нь тухайн орны иргэдийн олж буй орлогыг тооцдог, мөн баялгийн хорогдлыг ч авч үзэх боломж олгодог. Ингэж зөв мэдээлэлд үндэслэн бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй.Дээр нь боловсруулах үйлдвэрлэлийн салбараа дэмжих нь маш чухал байна. Тэгэхгүйгээр бид байгалийн баялагаа ухуулж ашиглуулаад дуусна, эцэст нь өөрсдөө хоосон ядуу үлдэж байна. Тиймээс баялаг бүтээдэг салбараа дэмжих нь зүйтэй гэх мэтээр яриад байвал олон зүйл байна.
-Өнөөдөр ковидын үед эдийн засаг бүр их хямарч байгаа. Энэ үед ямар арга хэмжээ авбал Монгол Улс эдийн засгаа аварч чадах вэ?
-Энэ нь манай улс төдийгүй дэлхий дахинд тохиолдож буй эдийн засгийн шок юм. Коронавирусийн цар тахлын улмаас ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх нийтийн хөл хорио тогтоож байгаа. Ийм нөхцөлд эдийн засгийн хувьд эрэлт, нийлүүлэлтийг нэгэн зэрэг тасалдуулах нөхцөл үүсч байна. Хорио цээрийн дэглэм тогтоосноор нэг талдаа үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдах, хүмүүс хагас цагаар ажиллах, бүтээмж буурах,цалингүй чөлөөлөгдөх, цомхотголд орох зэрэг орлогогүй болох нөхцөл үүслээ. Ингэж эдийн засаг тасалдалд орсоноор хэрэглээ болон хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орж байна. Манай улсын хувьд 2020 онд эдийн засгийн өсөлт 7.3 хувиар буурахаар байна. Эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах, цаашдын хямралаас сэргийлэхийн тулд банк санхүүгийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж өрх гэрийн хэрэглээ, бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтыг дэмжих зээлийн урсгалыг тогтвортой байлгах нь маш чухал юм. Коронавирусээс үүдсэн эрүүл мэндийн хямрал шийдэгдэж дуусахад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох реформыг хийх хэрэгтэй, учир нь бид энэ коронавирусийн дараа урьд өмнө байгаагүй цоо шинэ нөхцөл байдалд ажиллаж амьдарна. Тиймээс Засгийн газар, бизнесийн байгууллага, өрх гэр, хувь хүмүүс урьд өмнөх байдлыг дахин сэргээхэд чиглэх биш харин шинэ нөхцөлд цаашид хэрхэн ажиллаж, сайхан амьдрахаа цоо шинээр харах хэрэгтэй болж байна.Цаашид улс орон, бизнесийн байгууллага, өрх гэрийн хувьд хямралыг хохирол багатай даван туулахын тулд эрүүл мэндийн салбараа дэмжих цогц хөтөлбөр, эдийн засгаа идэвхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. дэмжих зээлийн урсгалыг тогтвортой байлгах нь амин чухал асуудал юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна