Эдийн засаг
З.МЭНДСАЙХАН: МАХНЫ КВОТЫГ БАЙХГҮЙ БОЛГОЁ ГЭЖ ЗОРЬЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг “Сайд ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ХАА-н салбар бол яах аргагүй Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл. Тэгэхээр Та энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна вэ. Мөн өмнөх явж ирсэн бодлогоос яг юуг нь үргэлжүүлнэ гэж бодож байна?
-Монгол Улсын хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг өнгөрсөн онд боловсруулж баталсан. Энэ нь Монгол Улс хөгжлийн ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлсон бодлогын сайн баримт бичиг болсон гэж боддог. Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн. Цаашдаа салбараа хааш нь хөгжүүлэх вэ гэдгийг гаргаж ирсэн. Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганын нэг нь, хөдөө аж ахуйн салбар. Бодит байдал дээр хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол төрөхөөр байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болно. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд яваад байвал хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоод дараагийн халамжийн салбар болоод хувирчих вий. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд тодорхой хэмжээнд татаасын бодлого байх ёстой ч тухайн бодлогыг хэрэгжүүлэх түвшинд оновчтой байх ёстой. Энэ нь хавтгайрах тийшээ явж байгааг өөрчилж, суурь бодлогоо зөв тавихаас ажлаа эхлүүлээд явж байна.
-Хамгийн эхэнд ямар алхам хийх вэ?
-Эхний ээлжинд зорилттой байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох. Нөгөө талдаа экспортоо нэмэгдүүлэх. Монголын хөдөө аж ахуй, газар тарилаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах боломжийг бий болгох ёстой. Үүнд төвлөрөн ажиллаж байна. Хүнсний гол найман төрлийн бүтээгдэхүүнээс гэхэд мах, төмс, гурил, ургамлын тосны гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй экспортын чиг баримжаатайгаар гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина. Боловсруулах үйлдвэр буюу ноос ноолуур, арьс ширийг олон улсын зах зээлд гаргая гэхээр хөрш орны зах зээлийг давах шаардлага тулгарч байна. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, чанарыг ярих юм. Энэ зорилтыг эхний ээлжинд гол бодлого болгож ажиллаж байна.
-Хөл хориотой холбоотойгоор хүнсний нөөцийн асуудал ид яригдаж байна. Яамнаас нөөц хангалттай бий гэж мэдэгдэж буй ч гурилын хувьд их хэмжээний нөөц байхгүй юм биш үү?
-Бүх нийтийн бэлэн байдал зарласан ковидын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний хангамж, нөөцийг хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиараа ч тэр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон 21 аймгийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. Бэлэн байдлын үед хүнсний тал дээр авах арга хэмжээний төлөвлөгөөг гурван шатлалтайгаар гаргасан. Хүнсний хэрэгцээний хоёр сарын нөөц байгаа гэж буй нь хоёр сар болоод дуусчих биш, хоёр сар тутам энэ нөөцөө бэлдээд явна. Цар тахлын үед Монгол Улс хүнсний хомсдолд орсонгүй. Үүний ард олон хүний хөдөлмөр зүтгэл байдгийг хэлэх, талархах ёстой. Харин энэ жил тариалан дээр дотоодын ургацаа тодорхой хэмжээгээр алдсан жил болсон.
-Энэ юунаас болов. Хөл хорионы үед гаднаас импортын гурил будаа орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсчих эрсдэл бий юү?
-Монгол Улс буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангадаг гэдэг ч жил болгон ургацаа тодорхой хэмжээгээр алдаж ирсэн байдаг. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий. Жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний талбайд тарьдаг боловч ургац хураалт дээрээ алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаанаас болдог. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж харсан.
-Тариаланчид дургүйцэхгүй юу?
-Бодит нөхцөл байдлаа зөв үнэлэх ёстой. Цаашид тариаланчдад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй гэж үзэж байна. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Өнөөдөр яг үнэндээ бизнесийн байдалтай болчихож. Гурилын үйлдвэрт тушаасан буудайнд олгодог урамшууллын тогтолцоо өнөөдөр хэвээр байх уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Нөгөө талдаа сан маань тоног төхөрөөмжөө зардаг, бордоо нийлүүлдэг бизнесийн байгууллага болоод хувирчихсан байхад Засгийн газрын тусгай сангаас дэмжлэг хүртээд явдаг. Энэ нь өөрөө тариаланчидтайгаа зэрэгцээд явдаг болчихсон. Өөрчлөх ёстой. Хэрвээ тийм бол аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоё гэж байгаа. Аж ахуйн ажлаа хийж татвараа төлөөд яв гэсэн зарчмаар явахгүй бол байдал улам дордоно. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна гэдэг нь харагдана. Төр 350 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж өгч байгаагийн 300 орчим нь найдваргүй болчихож байгаа нь сангийн үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулна. Үүнийг өөрчлөх ёстой гэж харж байна.
-Атрын IV аяныг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?
-Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм дөрвөн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик агуулахын сүлжээ байхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Бид бодлогын хүрээнд ногоо тарих боломжийг бүрдүүлж өгнө. Төрийн бодлогоор хүнсний ногооны агуулахын сүлжээг бий болгоё. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн дөрвөн улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно. Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлье гэж төлөвлөсөн. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, гурван сая хүний хэрэглээг бий болгоно. Гэтэл хөрсний доройтолд орж байна. Хөрсөндөө технологийн тордолгоо хийхгүй болохоор ургацын хэмжээ багасдаг. Хөрсний үржил шим рүү анхаарсан бодлого зайлшгүй явуулах ёстой. Хавар болж тариалалт эхлэхээр үрийн буудайгүй боллоо гээд ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хүнсний ногоо, буудай, тариалалт үрнээсээ эхэлдэг. Үрний аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийж байж бид хүссэн зорилтдоо хүрнэ. ОХУ-ын сайн чанарын буудайн нотлогдсон үрийг энд авчраад хөрсөндөө нутагшуулдагтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр ургац хураалтаа алддаг. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Эхний ээлжинд хүнсний аюулгүй байдлаа хангах ёстой. Хэн гэдэг хүний ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг дотооддоо оруулж ирээд хэрэглэж байгаа. Энэ нь бидний сонголт байсан хэвээр байх уу цаашид гэдэг дээр бодох л ёстой.
-Цахим газар тариалан хөгжүүлнэ гэж Та хэлж байсан. Энэ ямар учиртай ойлголт юм бэ?
-Цаашид цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлье гэж байгаа. Нэгдүгээрт, бид Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжууулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Таны тарьсан хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг эхэлж бий болгохыг зорьж байна.
-Бэлчээрийн малын махаа магтацгаагаад байдаг. Үнэн хэрэг дээрээ манай малын мах үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг уу?
-Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гарсангүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан. Хоёр жилийн өмнө малын эрүүл мэндийн асуудал хүнд байсан. Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин гарсан. Импортлогдож орж ирсэн өвчин гэж үздэг. Үүнээс болоод Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласантай холбоотойгоор мал, махны экспортод хүндрэл үүссэн. Сүүлийн хоёр жилд Монгол Улс малаа эрүүлжүүлж чадлаа. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Ялангуяа баруун бүс нутагт өвчин гардаггүй, эрүүл бүс. Дундын бүс буюу хангайн бүс нутаг хяналтын бүс гэж байгаа. Зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү мах экспортод гаргах ёстой. Ковидын нөхцөл байдлаас болж хуралдах асуудал хүлээлтийн байдалтай байна. Эрүүл бүс гээд зарлачихаар импортлогч орон ковидын үе гээд гүн хөлдөөсөн махыг хүлээж авахгүй байгаатай холбоотойгоор махны салбарынхан импортлогч орны хараат байгаа. Экспортод гаргахын тулд дулааны технологи буюу 80 градусын халуун усанд ариутгал хийж хагас боловсруулж гаргах замаар явж байна. Хөрш орнуудтайгаа бид ярилцаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээс урьтаад эрүүл бүс гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэсэн утгатай яриа хэлэлцээ. БНХАУ-ын хувьд хоёр орны протокол бий. Үүн дээр Хятадын Хорио цээр, хяналт шалгалтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжээс авсан эрхийг протоколоор баталгаажуулсан. Тиймээс Хятадын Гаалийн байгууллага аттестачлал хийж эрх өгдөгтэй холбоотойгоор энэ шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд экспортод гарах эрхгүй болж үлдээд байна. Бидний бодлого бол протоколд тавьсан энэ бодлогыг өөрчлүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа.
-Хойд хөрш рүү маш бага хэмжээтэйгээр мах экспортолдог. Нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу?
-Хойд хөрш мах авах сонирхол багатай дээрээ импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш татварын бодлогоор барьж байна. Хятадын нутгаар малын гаралтай түүхий эдийг дамнуулан тээвэрлүүлэхийг хориглосон. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой. БНХАУ-тай Хорио цээрийн хяналтын байгууллагын асуудлаа тохиролцож шийдвэрлэх ёстой. Манайд Мэргэжлийн хяналтын газар нь аж ахуйн нэгжүүдэд аттестачлал хийх эрхтэй. Хоёр улс ижил төстэй байгууллагынхаа гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг болгооч гэж сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад хүсэлтээ тавьсан. Би салбарын сайдын хувьд аж ахуйн нэгжүүдийн боломжийг нээхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ойрын жилүүдэд ямар бодлого баримтлах вэ?
-Газар тариалантайгаа уялдуулж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргахаар болсон. Тариланчид хэлдэг, бэлчээрийн мал байснаар тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйтай зэрэгцүүлж газар тариаланг хөгжүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуй дээр сүргийн бүтцийг өөрчлөх, шинэчлэх асуудал бий. Нийт малын 1 хувь ч хүрэхгүй байгаа учраас бодлого болгож өндөр үр ашигтай үүлдэр, сүргийн бүтцэд анхаарах юм. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Хийх хөшүүрэг нь мал аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Ирэх дөрвөн жил хөдөө аж ахуйн худалдааны систем буюу биржийн шинэчлэлийг шинэ шатанд гаргана. Малаас гарч буй эцсийн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд ороод эхэлчихвэл малчид сүргийн бүтэцдээ анхаараад эхэлнэ. Дагаад малчид хоршооллын системийг бий болгож эхэлнэ. Үүнийг дагаад татаасын бус урамшууллын систем хэрэгжүүлнэ. Малчид, тариаланчид улирлын шинжтэй орлоготой. Хэрвээ биржийн систем оновчтой болох аваас ирээдүйд зарах түүхий эдээ өнөөдөр ч арилжина. Малчид маань мал маллах монгол ухааныг тээсэн өмчийн эзэн буюу хөрөнгийн эзэд. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дарханы боловсруулах үйлдвэр 10 сая арьс боловсруулах хүчин чадалтай. Ховдод арьс шир, ноос ноолуур боловсруулъя гэсэн хоёр томоохон үйлдвэр баригдаж байна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ.
-Сүүний урамшуулал гэж ярьдаг ч олготлоо уддаг. Харин өнөөдөр бодит ажил хэрэг болж, тэрбум орчим төгрөгийн урамшуулал фермерүүдэд олголоо. Энэ нь импортын сүүг хумих бодлого уу?
-Энэ онд Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969.972.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.
-Махны квот гээд үргэлж хэл, үг дагуулдаг нэг асуудал бий. Та квотын эрхийг МҮХАҮТ руу өгнө гэж хэлсэн. Энэ хэзээ шийдэгдэх вэ?
-Тийм ээ, мэргэжлийн холбоод руу өгнө. Махны экспорттой холбоотойгоор зөвшөөрөл олгодог таван ч газрыг нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Таван газраас зөвшөөрөл авах гэж олон хоног зарцуулдгийг больё, нэг дороос авдаг байх ёстой. Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан юм.
-Малын хөлийн татварын хууль батлагдсан. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хууль батлагдсан. Малчид болон орон нутагт маш хэрэгтэй хууль. Тухайн газар нутгийн цөлжилт, бэлчээрийн даацтайгаар холбоотойгоор ИТХ-аас татвараа батална. Татвараас бүрдсэн сангаар орон нутагтаа анхаарах, менежмэнт сайжруулалтаа шийдээд явах боломжийг хуулиар тусгайлан олгосон.
-Өмнөд хөршид 30 мянган хонь хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг ахалсан билүү?
-Тэгсэн. Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлахдаа Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган хонь бэлэглэсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур хандивын хонийг бүрэн хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн 30 мянган хонинд Хятадын талаас шинжилгээ авахад бүгд эрүүл гэсэн дүгнэлийг авч, монгол малын мах өвчингүй гэсэн том мессэжийг өмнөд хөршдөө өгч чадлаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Монголын улаанбуудайн гурилыг экспортлох асуудал шийдэгдсэн нь гурил үйлдвэрлэгч нарт хүчин чадлаа өсгөх, тариаланчдад тариалалтаа нэмэгдүүлэх маш том боломж гарч, зах зээлийн тэлэлт үүсгэх боломж бүрдсэн.
-Ингэхэд танай яамны шилэн данс хөтлөлтийн талаар шүүмж яваад байсан. Шилэн дансаа хэр хөтөлж байна?
-Шилэн данс хөтлөлгүй яахав. Хөдөө аж ахуйн салбарыг хэнд ч нээлттэй салбар болгох бодлого Засгийн газар барьж байгаа. Салбарын үйл ажиллагааг ил тод, цахимжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна