Спорт
МОНГОЛ ШҮҮГЧ ПАРАЛИМПЫН НААДМЫН ТРИАТЛОНЫ ТЭМЦЭЭНИЙГ ДЭНСЭЛЛЭЭ
“Токио-2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг Монгол шүүгч дэнсэллээ.
Монголын триатлон холбоог санаачлагч, спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар анх удаа паралимпод шүүгчээр ажиллав. Тэрбээр Олон улсын 2-р зэргийн шүүгчийн эрхтэй /ITU level 2 Technical official/ шүүгч бөгөөд 2009-2021 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2010, 2014, 2018 оны Азийн наадам, 2013 оны ДАШТ-нд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.
Триатлоны спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, олимпын их наадмын хөтөлбөрт байнга багтдаг байсан бол 2016 оноос эхлэн паралимпын наадмын хөтөлбөрт багтжээ.
Түүнчлэн “Токио-2020” олимпоос триатлоны холимог багийн буухиа зайг олимпын наадмын хөтөлбөрт шинээр оруулсан юм.
Уг спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг. Харин Дэлхийн триатлоны холбоо (World Triathlon) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулжээ. Дэлхийн холбоо нь одоогоор 172 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм.
1994 онд Парист хуралдсан Олон Улсын олимпын хорооны чуулганаас триатлоныг Олимпын их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод триатлончид оролцоод байна.
Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр гэхэд болно. Дотроо янз бүрийн зайтай. Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь стандарт зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай, тун сонирхолтой төрөл юм
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.