Нийгэм
Тайландын хорт утаа Монголын хувьд цэвэр агаар л гэсэн үг
Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча нийслэл Бангкок хотын иргэдэд хандан уриалга гаргасныг дэлхийн томоохон хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлэв.
Тайланд бүс нутагтаа агаарын бохирдол ихтэй орны тоонд ордог бөгөөд барилгын ажил, автомашины утаа, үйлдвэрүүд бохирдлын эх үүсвэр болдог тухай Bloomberg мэдээлсэн юм. Нэгэнт агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул Засгийн газрын зүгээс барилгын талбайг хянах, машины утааг шалгах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Тайландууд ийнхүү сэхээ авч хөдлөөд эхэллээ. Харин Монголд ийм нөхцөл байдал тохиолдвол яах бол. Тийм ээ, таны бодож байгаа хариулт мөн. Манай төр засаг яах ч үгүй. Энэ байтугай гамшиг нүүрлэчихээд байхад нүдэн балай, чихэн дүлий байдаг нөхдийн хувьд 182 гэдэг үзүүлэлт юу ч биш. Өдгөө Монголд мөрдөгдөж буй стандартаар агаарын чанарын индекс 0-50 бол цэвэр, 51-100 бол хэвийн, 101-200 нь бага бохирдолтойд тооцогддог. Харин 201-300 нь бохирдолтой, 301400 бол их бохирдолтой, 401500 бол маш их бохирдолтой гэж үздэг. Тэгээд 500-гаас дээш бол гамшгийн үеийн нөхцөл байдал гэж тооцогддог. Эндээс харвал Ерөнхий сайд нь ард иргэдээ гэрээс гарахгүй байхыг сануулж буй 182 гэдэг үзүүлэлттэй тайландын нөхцөл байдал Монголын хувьд “бага бохирдол” гэсэн ангилалд орох нь. Ер нь ихэнх тохиолдолд агаарын чанарын индекс онц аюултай хэмжээнээс хэд дахин давдаг Монгол Улсын хувьд 182 гэсэн үзүүлэлт цэвэр цэнгэг агаар мэт ойлгогдох болжээ. Тайланд болон Монголын нөхцөл байдал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз.
Уг нь дэлхийн ихэнх оронд мөрддөг стандартаар бол индекс 151-200-д хүрвэл агаар бохирдолтой, 201-300-г маш их бохирдолтой, 300-гаас дээш гарвал гамшгийн хэмжээний үзүүлэлт гэж тооцдог. Харин манай стандарт олон улсын жишгээс яагаад зөрөөд байна вэ. Монгол хүн утаанд тэсвэртэй гэж үзсэнийх үү. Эсвэл бид хүний анатомоос өөр бүтэцтэй, мутацид орсон ард түмэн гэж үү. Энэ талаар УЦОШГ-ын мэргэжилтэн С.Энхмаагаас тодруулахад “Агаарын чанарыг тооцох аргачлал, мөрдөх стандарт улс орон бүрт өөр. Мэдээж Улаанбаатарын утааг Токио, Бангкокийн нөхцөл байдалтай харьцуулах аргагүй. Яагаад гэвэл, утааны эх үүсвэр нь өөр өөр. Манай улсын хувьд АНУ, Хятадад мөрддөг арга, стандартаар агаарын чанараа хэмжиж байна. Монголд хамгийн тохиромжтой гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байх” гэсэн юм.
Америкийнх ч бай, Хятадынх ч бай, бид ямартай ч нэлээд зөөлөн стандарт мөрддөг байх нь. Улс орнууд аюулын харанга дэлдэж, ард иргэдээ сэрэмжлүүлээд буй үзүүлэлт бидний хувьд санаа зовох хэмжээний биш гэсэн үг.
За яахав, улс орон бүрийн мөрдөх стандарт өөр гэдгээр энэ асуудлыг хаацайлаад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл бидний мөрдөөд буй өнөөх зөөлөн стандартаас нь хэд дахин давсан нөхцөл үүсчихээд байхад манай дарга нар яагаад чимээгүй сууна вэ. Ард иргэддээ уриалж, сэрэмжлүүлэх сэтгэлтэй дарганцар алга уу, цаана чинь.
Манай улс 2014 оноос хойш агаарын чанараа хэмжих болсон. Энэ үеэс хойш хорт утаа жил бүр нэмэгдсээр иржээ. Agaar.mn сайт дахь зарим тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулъя. 2018 оны 12 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд агаар дахь РМ 2.5 тоосонцрын хэмжээ зөвшөөрөгдөх стандартаас 13.9 дахин давжээ. Энэ өдрүүдэд 100 айл, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс мянгын босго давсан байв. 500-гаас хэтэрвэл гамшиг нүүрлэлээ гэж үздэг байтал гамшгийн үзүүлэлтээс хоёр дахин давсан. Харин хамгийн сүүлийн мэдээллээр буюу нэгдүгээр сарын 7-13-ны хооронд хамгийн их хөнөөлтэй, хамгийн нарийн ширхэгтэй РМ 2.5 тоосонцор зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан байна. Энэ үед 100 айл, Баянхошуу, Баруун дөрвөн зам, 13-р хорооллын орчимд агаарын чанарын индекс 1400-1500-гийн хооронд хэлбэлзэж байлаа. Бид ийм л нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа нь эмгэнэл биш гэж үү. Гэтэл асуудлыг хариуцсан сайд, дарга нар юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргисоор. Тэр ч байтугай Байгаль орчны өмнөх сайд нь “Энэ бол гамшиг зарлах хэмжээний аюул биш” гэж мэдэгдэн ард түмнийг доромжилсон шигээ сууж байв.
• Агаарын чанарыг тооцдог манай стандарт олон улсын жишгээс яагаад зөрөөд байна вэ. Монгол хүн утаанд тэсвэртэй гэж үзсэнийх үү.
• Индекс 500-гаас хэтэрвэл гамшиг нүүрлэлээ гэж үздэг байтал гамшгийн үзүүлэлтээс гурав дахин давжээ.
• Зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан, гамшгийн хэмжээнээс гурав дахин ихэссэн агаараар амьсгалж буй хүмүүс яаж ч эрүүл байх билээ.
Манай хүний үнэргүй дарга нар аюулыг аюул биш гэж харагдуулахыг хичээж, статистик үзүүлэлтүүдийг дарахыг оролдох зуур агаарын бохирдлоос үүдэлтэй үй түмэн асуудал ард олныг нэрвээд дууслаа. Дүүргийн эмнэлгүүдэд хэдэн зуун ор нэмж тавиад байгаа хэрнээ багталцахгүй байгаа тул эцэг, эхчүүд хонгилд эвхдэг ор тавиад хүүхдээ асарч байна. Ганц өдөрт 200 гаруй хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга нь ярилаа. Ханиаданд сайн гэсэн эм нь олдохгүйгээс болж сошиал орчинд нэгнээсээ эм гуйх өрөвдөлтэй дүр зураг улам ихсэв. Яг ингэж ядарч зовсон үед нь эм, тарианы үнэ дунджаар 11.4 хувиар өссөн болохыг үндэсний статистикийн хорооны мэдээлэл баталлаа. Энэ хэрээр иргэдийн халаасан дахь цөөн хэдэн төгрөг улам нимгэрсээр байна. Ханиад томууны дэгдэлт ихэссэн шалтгаанаар Дорнод, Төв аймагт хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг салбарын яам нь гаргав. Энэ бүгд эцэстээ утаа гэгч ганц л зүйлтэй холбогдож байгаа нь хэнд ч илэрхий. Зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан, гамшгийн хэмжээнээс гурав дахин ихэссэн агаараар амьсгалж буй хүмүүс яаж ч эрүүл байх билээ.
Утаа өтгөрсөн хүйтний улиралд хатгаагаар нас барсан хүүхдүүдээс 12.5 дахин олон хүүхэд эхийнхээ хэвлийд хүн болж чадалгүй буцдаг талаар манай сонин өмнө нь бичсэн. Бүр тодруулбал, өсөлтгүй жирэмслэлт манай улсад жилд 5000 орчим бүртгэгдэх болов. Тиймээс агаарын бохирдол ихтэй 11-1 дүгээр сард жирэмслэхгүй байхыг эмч нар анхааруулж байна. Харин манай дарга нар болохоор өсөлтгүй жирэмслэлт, эндсэн ураг, өвчилсөн хүүхдээ тоолж суухаас хэтэрсэнгүй. Гэхдээ “бид бүгдийн төлөө” албан тушаал, сандал ширээ булаалдан тэмцэлдэх ажлаа бол сайн хийж байгаа шүү.
Одоо бид яах ёстой юм бэ. Лав л энэ төр засаг утааг арилгаж, биднийг сайн сайхан амьдруулна гэсэн гэнэн үлгэрт итгээд хэрэггүй. Гэхдээ ядаж агаарын бохирдлыг тооцдог аргачлалаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад нийцүүлж болдоггүй юм уу. Ингэвэл бид ядаж л бусад улс оронтой өөрсдийгөө харьцуулах боломж бүрдэнэ. Мөн асуудлыг хариуцсан сайд, дарга нар бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, ард иргэддээ анхааруулга сануулга өгч, гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллаж эхэлмээр байна. Гамшиг нүүрлэсэн гэдгийг мянга нуугаад нэмэргүй шүү дээ, нүдэн дээр илхэн байхад.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна