Нийгэм
ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Экспорт Монгол 2021” олон улсын цахим форум, үзэсгэлэн 7 дахь жилдээ “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай болж байна.
Монгол улсын хувьд экспортын нийт бүтээгдэхүүний 95 хувийг дан ганц уул, уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Иймд экспортын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг форумд оролцогчид онцолж байгаа юм. Экспортын салбарт шинэчлэлт хийхэд төрийн бодлого, дэмжлэг, хувийн хэвшил болон олон улсын хамтын ажиллагаа чухал. Мөн бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг мөн энэ үеэр хөндлөө.
Уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацааг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай̆ гэдэгтэй оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд бүх талын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэлээ.
Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр Аялал жуулчлалын салбарын экспортын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн. Тэрээр “Аялал жуулчлал өөрөө олон дэд салбараас хамаардаг. Гадаад, дотоодын аялал, аялагчдыг дагасан хөдөлгөөн нь бүхий салбарт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой. БОАЖЯ-наас “Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г төр хувийн хэвшлийг оролцоотой боловсруулж байгаа”-г онцлов.
Олон улсын Экспортын төвөөс Асем Вилла дахь Хүн театрт зохион байгуулж буй тус форум, үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд, олон улсын төслүүд, бизнес эрхлэгчид гээд Эскпортын салбартай холбоо бүхий олон талууд оролцож байгаагаар онцлогтой. Цаашид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох нэгдсэн санал дүгнэлтийг гаргаж, салбар тухай бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.