Спорт
БЭЭЖИН-2022: МОНГОЛ ТАМИРЧИД ӨНӨӨДӨР ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОНО
“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.
Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.
Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны үр дүнд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.
ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:
ОУХМ Ариунсанаагийн Энхтуул
Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/
Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар;
Одоогийн багш: Ж.Дашдондог;
Онцлох амжилтууд:
- 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
- 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
- 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
- 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
- Улсын 4 удаагийн аварга.
“Бээжин-2022” уралдааны хуваарь:
- Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:00-16:40 цагт/
- Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 10-ны 15:00-15:30 цагт/
ОУХМ Батмөнхийн Ачбадрах
Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/
Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог
Онцлох амжилтууд:
- “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
- 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
- Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
- УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.
“Бээжин-2022” уралдааны хуваарь:
- Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:50-17:35 цагт/
- Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 11-ний 15:00-16:35 цагт/
Эх сурвалж: МҮОХ
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой