Дэлхий дахинд
АНУ-д газрын тос нийлүүлэхэд бэлэн байгаагаа Венесуэл улс илэрхийлээд байна
Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа ОХУ-аас газрын тос авахаа зогсоох болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.
Вашингтоны эрх баригчид импортын энэхүү орон зайгаа нөхөх шийдэл хайж байгаа. Үүнд Венесуэл улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж, газрын тос авдаг болох асуудал яригдаж байна.
Венесуэл нь газрын тосны батлагдсан нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улс юм.
Бямба гарагт Туркийн Анадолу агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Венесуэлийн гадаад хэргийн сайд Феликс Пласенсиа тус улс АНУ-д газрын тос нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Венесуэл улс өмнө нь Америкчуудтай бизнесийн өргөн харилцаатай байсан, хэрвээ газрын тосны экспортыг нь буцааж сэргээвэл харилцан ашигтай байхыг тэр ярьсан байна.
Мөн үүний хариуд Венесуэлийн бие даасан байдлыг хүндэтгэж, ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг Пласенсиа онцолжээ.
Гэхдээ тэр ОХУ-тай харилцаагаа хэвийн хадгалж үлдэх сонирхлоо давхар илэрхийлсэн байна. Венесуэл нь Өмнөд Америкийн бүс нутаг дахь ОХУ-ын гол холбоотон юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг тэр “Бид түүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн гэдэг утгаар нь хүндэлдэг. Тэр ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхнийг хийж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж Пласенсиа ярьжээ.
АНУ-ын засаг захиргаа 2019 онд Венесуэл улстай бүх харилцаагаа тасалж, өрнөдийн талыг баримталдаг улстөрч Хуан Гуайдог тус улсын хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрч байв.
Гэвч Украины хямрал Вашингтоны эрх баригчдыг Венесуэлтэй харилцах харилцаагаа эргэн харахад хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгч Мадурогийн засгийн газартай уулзахаар Венесуэлд зочилсон юм.