Дэлхий дахинд
Роман Абрамович болон уулзалтад оролцсон Украины парламентын хоёр гишүүнээс хордлогын шинж тэмдэг илэрсэн
Гуравдугаар сарын 3-ны өдөр Киев хотод Оросын тэрбумтан Роман Абрамович дайны галыг зогсоох асуудлаар Украины парламентын гишүүдтэй уулзаж байжээ.
Уулзалтын дараа Абрамовичоос болон уулзалтад оролцсон Украины парламентын хоёр гишүүнээс химийн бодисын хордлогын шинж тэмдэг илэрсэн тухай The Wall Street Journal өчигдөр мэдээлсэн байна.
Тэрбумтан Киев-Москвагийн хооронд дайны галыг зогсооход зуучлахаар ажиллаж байгаа юм.
Уулзалтад оролцсон хүмүүст нүд улайх, нулимс гоожих, нүүр, гарын арьс загатнах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Оросын талын хатуу чиг шугам баримтлагчид энхийн хэлэлцээг бүтэлгүйдүүлэхийн тулд тэднийг химийн бодисоор хордуулсан байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.
Абрамович болон бусад хүмүүсийн биеийн байдал одоо сайжирсныг эх сурвалж мэдээлжээ.
Хэргийн мөрөөр сурвалжилсан Bellingcat эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бүлгийн гишүүн Кристо Грозев “Энэ халдлага алах бус анхааруулах зорилготой байсан” гэж үзэж байгаагаа The Wall Street Journal сэтгүүлд ярьжээ.
Грозев өмнө нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан 2020 оны хэргийн мөрөөр сурвалжилж байсан юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Роман Абрамович түүний засгийн газарт Москватай энхийн гэрээ байгуулахад зуучлах санал тавьж байсныг баталсан юм.
Гэхдээ тэр Абрамовичийг хордуулсан тухай яриагүй байна.
Украины хямралтай холбоотойгоор АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын ерөнхийлөгч Путиний ойрын хүрээллийн олигархиудад эдийн засгийн хориг тавиад байгаа. Тэдний дотор Роман Абрамович багтсан юм.