Дэлхий дахинд
NYT: Талибан өршөөл үзүүлснийхээ дараа 490 хүнийг хулгайлан хөнөөжээ
Афганистаны засгийн эрхийг аваад байгаа “Талибан” хөдөлгөөнийхөн өмнөх Засгийн газартай хамтран ажиллаж байсан цэргийнхэн, албан тушаалтнуудыг эрэн хайх кампани эхлүүлсний дараа 500 гаруй цэрэг, албан тушаалтан, энгийн иргэн сураггүй алга боллоо гэж The New York Times хэвлэл өөрийн эрэн сурвалжлагын дүнд тогтоосон байна.
Талибан хөдөлгөөнийхөн өмнөх Засгийн газарт ажиллаж байсан төрийн албан хаагчид, Үндэсний аюулгүй байдлын хүчний ажилтнуудад өршөөл үзүүлэн хамтран ажиллахаа зарлаж байсныг хэвлэл сануулаад харамсалтай нь энэ амлалтаа удаа дараа зөрчиж байна гэжээ.
“Талибан хөдөлгөөний удирдагчид өөрсдийн нь эсрэг ажиллаж байсан хүмүүст хүнлэг хандаж байгаагаа илэрхийлэн бүх нийтийн өршөөл зарласан. Зарим тохиолдолд бүр өөрсдийн нь эсрэг ажиллаж байсан хүмүүсээс өшөө авахгүй, шийтгэхгүй хэмээсэн захидал бичиж байсан юм” гэж эрэн сурвалжилсан материалд бичжээ.