Дэлхий дахинд
Украин улс Оросын дайны хохирлыг тооцжээ
haqqin.az. “Орос улс Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойшхи хугацаанд өөрийн 23,2 мянга орчим цэргээ алдсан. Үүний зэрэгцээ зэвсэгт хүчнийхээ 1008 танк, 190 нисэх онгоцыг устгуулаад байна” гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлэлд дурджээ.
Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлснээр бол дайн эхлүүлсэн хоёрдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд ОХУ 23,200 цэрэг, офицер, 1008 нэгж танк, байлдааны 2445 хуягт машин, 436 артиллерийн систем, агаараас эсэргүүцэн хамгаалах 77 нэгж, 190 нисэх онгоц, 155 нисдэг тэрэг, шуурган галын тийрэлтэт төхөөрөг 151, 1701 автомашин, найман хөлөг онгоц, шатахуун цэнэглэгч 76 машин, нисгэгчгүй аппарат 232, тусгай техник 32, оператив тактикийн пуужингийн харвах суурь дөрвийг алдаад байгаа гэнэ.
Амь үрэгдсэн бие бүрэлдхүүний 19 хувь нь бага дэслэгчээс генерал хүртэлх цолтой офицерууд, байгаа бол, 20 хувь нь агаар-десантын дайчид юм байна. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь оросын сэтгэл гутралд орсон бүс нутгаас ирсэн хүмүүс байна. Оросын нийт хүн амын есөн хувь амьдардаг нийслэл Москвагаас ирсэн дайчдаас ердөө гурван хүн амь үрэгдсэн байна. Гэтэл Дагестанаас ирсэн дайчдаас хамгийн багаар бодоход 130, Буриадаас ирэгсдээс 90 хүн амь үрэгджээ.
Орон нутгийн засаг захиргааны зүгээс амь үрэгдэгсдийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж ар гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлж байгаа хэмээн оросын зарим бүс нутгаас сэтгүүлчид, амь үрэгдсэн дайчдын ар гэрийнхэн мэдээлж байна. Оросын эрх баригчид амь үрэгдэгсдийн талаар ийн нууцалсаар байгаа ч сайн дурынхан энэ талаар судалж, ар гэрийнхэнтэй нь уулзах, оршуулгын газруудаас оросын дайчдын шинэ оршуулгыг олох зэргээр энэ 2022 оны гурав, дөрөвдүгээр сард амь үрэгдсэн дайчдын нэрсийг тодруулж байна. Энэ ажилд зарим бүс нутгийн засаг захиргааны төлөөлөгчид, орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл, талийгаачийн өмнө нь суралцаж байсан сургуулиуд тусалж байгаа юм байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам болохоор цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш гуравдугаар сарын 25-ны байдлаар оросын 1351 цэргийн албан хаагч украинд амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдээлж байгаа юм.