Спорт
М.Өсөхбаяр: Бөхийн барилдааны даваа болгон л баяр баяслыг авчирдаг даа
Монгол наадам айсуй. Хэдхэн хоногийн дараа монгол түмэн маань Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо өргөн дэлгэр наадах гэж байна. Энэхүү баярыг чимж байдаг хүмүүс бол үндэсний бөхчүүд билээ. Тэдний нэг монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд уран мэхийг уралдуулан, уран хурц барилдаанаараа бөхөд дуртай монгол түмнээ баясгаж яваа энэ цагийн хүчтэнүүдийн нэг Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Монгол Улсын заан М.Өсөхбаяртай ярилцлаа. Тэрбээр багаасаа хурдан морь унаж адуу малтай ноцолдож, бөхийн төрлөөр сум аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож үеийн хөвгүүдтэйгээ барилдаж дээл хувцсаа урж өссөн нэгэн. Сонирхуулахад ирэх жил буюу 2023 онд зааны маань төрсөн нутаг Бүрэгхангай сумын түүхт 100 жилийн ой тохиох ажээ.
– Баяр наадам дөхөж буй торгон мөчид нутгийн заантайгаа ярилцаж байгаадаа баяртай байна. Тиймээс хоёулаа яриагаа таны нутаг уснаас тань эхэлье?
-Манай сум Булган аймгийн анхны ууган сумдын нэг. Олон сайхан шүтээн болсон сүрлэг уулс хангайтай. Их зөөлөн газар, үүнийгээ дагаад хүн ард нь ч эгэл зөөлөн тайван, ган гачиг зуд зурхан болдоггүй. Дээр нь их наргианч, найр наадамд их дуртай хүмүүс байдаг. Би хоёр талдаа бөхийн удамтай. Аавын маань талд өндөр Цэрэндолгор гэж том биетэй, хоёр метр гаруй өндөр аймгийн начин цолтой хүн байлаа. Харин ээжийн маань өвөө даншигт барилдаж байсан. Ээжийн маань хамгийн бага дүү Монгол Улсын заан Баасандорж. Ах маань хүүхэд байхаасаа барилдсан, ахыгаа дагаад хүүхдийн барилдаануудад барилддаг байлаа.
-Хоёр талаасаа бөхийн удамтай, улмаар хүчтэний өлгий нутагт төрж өссөн нь яах аргагүй монгол бөхөд дурлах шалтгаан болсон байх даа?
-Миний хувьд бөхийн спортод дурласан, ерөөсөө л барилдахыг л хүссэн. Барилдаж л кайф авдаг хүн. Тийм ч учраас сумынхаа наадмыг амтархаж үзээд тэр үед сумын заан ах нар их гоё харагддаг байлаа. Сүүлдээ бөхийн барилдааныг радиогоор сонсч, зурагтаар үзсээр байгаад өөрийн эрхүй бөхийн замд ороод явж байна.
-Сумын наадмын дэвжээн дээр дэвж байсан бөх долоогийн даваанд улсын наадмын дэвжээнд дэвж байсан тэр мэдрэмж үнэхээр сайхан санагдаж байгаа даа?
-Даваа болгон л баяр баяслыг авчирдаг даа. Анх 2001 онд улс хувьсгалын 80 жилий ойгоор сумынхаа дэвжээн дээр сумын заан цолыг хүртэж байлаа. Миний анхны багш Догсом гэж түүх газар зүйн багш хүн бий. Энэ багш маань бөхөд дуртай учраас бөхийн секц хичээллүүлж байсан. Энэ үеэс манай Д.Баасандорж ах болон бусад аймаг сумын цолтонууд төрж гарсан. Мөн одоо сумын Засаг даргаар ажиллаж байгаа н.Бадам багш манай биеийн тамирын багш байсан. Манай ангид барилддаг хүүхэд олон байсан учраас биднийг Бадам багш авч яваад аймгийн аварга шалгаруулах самбо болон үндэсний бөхийн төрөлд оролцуулдаг байлаа. Энэ барилдаанаас “Уран барилдаа”-ны шагнал хүртэж байсан минь сэтгэлд тодхон үлджээ.Дараа нь хотод орж ирээд бөхийн спортын бүхий л төрлөөр барилдаж эхэлсэн.
–Удалгүй Улаанбаатарт ирж сургуульд сураад тэндээсээ бөхийн замд гүнзгий орсон гэдэг. Эргээд бодоход сайхан дурсамж шүү дээ?
-Ээжтэйгээ хамт анх Улаанбаатарт ирж Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд суралцсан. Гэтэл энэ хүүхэд бөх болох юм байна гээд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороонд Монгол Улсын начин Д.Адьяатөмөр, Д.Баатаржав гэж хоёр сайхан багш дээр очиж бэлтгэл сургуулилтанд хамрагдаж эхэлсэн. Эндээс Дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно гээд хоршоолол нийгэмлэг дээр болсон тэмцээнд түрүүлж, хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орж байлаа. Энэ үеэс тууштай бэлтгэл хийгээд 2002 онд “Хилчин”спорт хороонд харъяалагдаад өдий хүртэл тууштай явж байгаа. Аймгийнхаа наадамд барилдаж байгаад 22 настайдаа 2005 онд улсын наадамд л барилдана гэсэн зорилго тавьсан .
-Залуухан аймгийн арслан, заалны барилдаануудад түрүүлээд тогтмол сайн барилдаад байгаа бөхийн хувьд улсын наадам дөхөөд ирэхээр юу бодогдож байдаг бол?
-Сайхан барилдъя л гэснээс цол хэргэм авъя гэж бодож байгаагүй ээ. Хоёрын даваанд Зоригт начинтай таараад давсан, гурвын даваанд тунаад гурвын даваанд Санчир ахтай нугалаагаар таарч барилдаад даваад их баярлаж билээ. Ингээд л адуу мал, гэр орноо санасан хүн хурдан нутаг руугаа явсан. Тэр жил Баасандорж ах маань начин болоод манай гэр бүл, ахан дүүсийн хувьд сайхан наадам болсон. Ахтайгаа хамт явж байтал нутгийн хүмүүс миний дүү сайн барилдлаа шүү дээ, улсын цолонд ойхон байна гэж урам хайрлаж байлаа.Таван жил барилдаж байж улсын цолонд хүрсэн. Үүнийг хүмүүс богино хугацаанд амжилт үзүүлсэн гэж ярьдаг юм билээ.
-Гурвын даваанд тунасан гэж ярьснаас та начин цолоо тунаж хүртсэн, тэр барилдаанаа дурсаач?
-Аймгийн арслан цолтой төрийн наадамд хоёр жил зодоглож байлаа. 2005 онд гурав давж дөрвийн даваанд монголын бяртай, хүчтэй манлай заануудын нэг Ганбатад өвөг шороодсон. Дараа нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд Ховд аймгийн харьяат улсын харцага Амартүвшинтэй тунаж улсын начин болж байлаа. Ингэж улсын цолыг тунаж хүртсэндээ баяртай байдаг.
-Нээрээ та дандаа л тунаж үлддэг шүү дээ. Заан цолыг авахдаа мөн л тунаж үлдсэн байдаг?
-2012 оны наадам шүү дээ. Тэр жил бэлтгэл сургуулилт сайн байсан учраас зургаагийн даваанд бөхчүүд авахад Н.Ганбаатар гардитай тунах болов уу гэсэн битүүхэн таамагтай байсан маань ёсоор болсон. Долоогийн даваанд өнгөрсөн жилийн барилдаанд түрүү булаалдаж байсан Ганбаатарыг өвдөг шороодуулж, Монгол Улсын заан гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэхдээ омогшсоноо нуугаад яахав.
-Зааны маань бэлтгэлийн нэг өдөр хэр ачаалалтай, хэрхэн өнгөрдөг бол?
-Бөх болгон л наадмаас наадмын хооронд бүтэн жилийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 2-3 удаа үндэсний бөхийн бэлтгэлтэй байдаг. Харин хүчний бэлтгэлийг өдөр бүр хийдэг. Бэлтгэлийнхээ үеэр хашир туршлагатай, сайн бөхчүүдтэй ноцолддог. Нэмж хэлэхэд хүүхэд байхаасаа морь унаж, мориноосоо унадаг байсан минь эргээд бодоход мөн л наадмын бэлтгэл болдог байсан байна. Монгол бөхөд би зөвхөн заан болоод гоё болсон юм гэх зүйл байхгүй. Шантрах бэртэл гэмтэлтэй, үнэхээр сайн барилдах үедээ тааруухан барилдах үе гарна. Гэтэл нойргүй явж ирээд сайн барилдах үе ч бий.
Монголын үндэсний бөх олон жилийн түүхтэй үеийн үедээ өвлөгдөж ирсэн агуу спорт. Цаашдаа зөв зүйтнй сайхнаараа л үлдэх ёстой.гэтэл сүлийн үед хэрүүл маргаан, цолны найраа, допинг гээд янз бүрийн асуудал дэгддэг болж. Энэ бүгдэд өндөр цолтой бөхийн хувьд ямар зүйлийг цэгцэлж, засч залруулбал сайхан болно гэж боддог вэ?
-Юуны өмнө үзэгч түмэнтэйгээ ойрхон байх хэрэгтэй. Энэ нь аварга арслан заан гээд том цолтой бөхчүүд сайхан барилдана гэсэн үг.таны асуусан асуултанд олон шалтгаан бий. Өмнө нь Наадам, Цагаан сар зэрэг хоёр гуравхан барилдаан байдаг байсан. Гэтэл одоо бүх зүйл ил, тухайн барилдаануудыг нөхөөд л үзчихдэг болсон. Тийм учраас цаг үе мэдэрч байх ёстой. Монголчууд бөхдөө, бөхчүүд нь ард түмэндээ хайртай байх хэрэгтэй. Бөхийг сайхан муухай харагдуулдаг зүйл, энэ асууддлыг зөндөө ярьж байгаа, үнэхээр болохгүй зүйл. Шударга өрсөлдөөнийг бий болгоно гэж дэлхий нийтэд энэ асуудлыг хорьчихоод байхад монгол бөхөд хавтгайраад байж болохгүй. Миний бодлоор булчингийн масс, хүч авахын тул хэрэглэж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас допингийн асуудал дүрэмтэй холбоотой. Хурдан амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө эрүүл мэндийг хохироож, бусдын амжилтаас хулгайлж байна. Эрүүл мэнд эрхэм баян. Эрүүл саруул байж урт удаан наслах нь амьдралын гол зорилго шүү дээ. Тийм учраас допингийн асуудлыг бөхчүүд ухамсарлах хэрэгтэй
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.