Энтертайнмент
“НҮҮДЭЛЧДИЙН ДОМОГ” ТОГЛОЛТ “ЮНЕСКО”-ЫН ТАЙЗНАА
Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна. Өчигдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их теартын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов. Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос нар үг хэллээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оноос хойш “ЮНЕСКО”-ийн дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо , мэдээлэл технологийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Мөн Франц Улсын иргэдийг Монголд зочлохыг урьсан юм.
Харин “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцохдоо тогтвортой хөгжил, ногоон хөгжил цахим шилжилтийг асуудлыг хөндөн тавьсан нь чухал байсан. Монгол Улсын дэвшүүлж буй “Дижитал нэйшн” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллах болно” гэв.
“ЮНЕСКО”-ын тайзнаа тоглогдсон “Нүүдэлчдийн домог” тоглолтыг Франц улсын иргэд, Европ дахь Монголчууд үзэж сонирхлоо. 1200 хүний суудалтай ЮНЕСКО-ын заал дүүрэн үзэгчтэй байв. Түүнчлэн энэ өдөр “ЮНЕСКО”-д гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн Монголын аж байдал, байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн цахим үзэсгэлэн гарлаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.