Нийгэм
Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд сонгон шалгарлуулалтын шаардлагыг өөрчилжээ
Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандаад байна.
“Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдов.
Тухайлбал, “Монголын Үнэн” сонинд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу 3 иргэн материал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Өнөөдөр” сонинд дахин зар байршуулсан байна. “Өнөөдөр” сонинд байршуулсан зарын дагуу иргэдээс материал ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “эрчим хүчний болон дулааны инженер, англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх” гэсэн нарийвчилсан үндсэн шаардлагуудыг “инженер”, “англи хэлний зохих мэдлэгтэй” гэж өөрчлөн зарлажээ.
Дээрх өөрчлөлтийг оруулсан үндэслэлээ тайлбарлахдаа “төсөл хэрэгжүүлэх газар зүйн байршил, хэрэгжих ажлын техникийн шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байгаа ч энэ талаар ажлын хэсгийн хуралдааны шийдвэр гаргаагүй байна.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байх тул төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдлээ гэж АТГ-аас мэдээллээ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.