Бусад
1263.2 тн хивэгний нөөцтэй байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар баталсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу малчид нэмэгдэл тэжээлээр цэвэр үүлдрийн үхэр, хонь, ямаа, сайжирсан эрлийз мал болон хээлтүүлэгчийг 100 хувь, дунд ба дундаас дээш тарга хүчтэй тэмээ, адууны тав хувь, үхэр, хонь, ямааны 20 хувь, ирэх онд гарах тугал, хурга, ишигний 30 хувийг оруулж хангайн бүсэд 120 хоног, хээрийн бүсэд 90 хоног, говийн бүсэд 60 хоног тус тус тэжээхээр тооцож хадлан тэжээлийг бэлтгэхээр заасан байдаг.
Мөн Фермерүүд байран тэжээх малд дундаас доош тарга хүчтэй өвөлжүүлж, хаваржуулах бүх мал, төв суурингийн ойролцоох бүсийн саалийн чиглэлийн бүх үхэр болон гахай, шувууг оруулах бөгөөд хангайн бүсэд 270 хоног, хээрийн бүсэд 240 хоног, говийн бүсэд 210 хоног тэжээхээр тэжээлийн нөөцийг бүрдүүлэхээр заасан байдаг.
Тус зааврын дагуу мал аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн түвшинд байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ийг тус тус бэлтгэн нөөцөлсөн тоо мэдээлэл байна. Үүнээс харахад нийт бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувийг бэлтгэсэн.
Үүнээс малчдын түвшинд 1.1 сая тн байгалийн хадлан, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүүг тус тус бэлтгэн авсан байдаг. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувийг бэлтгэсэн үзүүлэлт гарч байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Дээрх хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээс гадна 2022 онд гурилын болон газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж зах зээлд 1 тн хивгийг 520000-800000 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурил тэжээлийн үйлдвэрүүдэд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс гадна хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөцтэй байна.
Улсын хэмжээнд 15 аймагт 50 тэжээлийн үйлдвэр байгаагаас 37 нь улирлын болон байнгын үйл ажиллагаа явуулж, 13 нь үйл ажиллагаа явуулаагүй байна.
Тоон мэдээллүүдээс харахад бэлчээрийн мал аж ахуйн хувьд зун-намрын улиралд тэжээлийн хэрэгцээний 100 хувийг буюу хангалттай, өвөл-хаврын улиралд тэжээлийн хэрэгцээний 35.7 хувийг хангаж байгаа дүн гарч байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад 2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол 2023 онд 5.6 мянган тн хивэг экспортод гаргаж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлон авсан байна.
Энэ оны хувьд нийт нутгаар цас их орж цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас өвөлжилт хүндэрч өвс, тэжээлийн үнэ өсч буй асуудал гарч байгаа яамны зүгээс тэжээлийн үйлдвэрүүдэд орон нутагт тэжээлийн хомсдол үүсгэхгүй байх нөөц бүрдүүлэлтийг хийж ажиллах талаар хамтран ажиллаж байна. Өвс тэжээлийн үнэ өсч буй асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө байгууллага хяналт зохицуулалт хийдэг.
Сүүлийн жилүүдэд тэжээлийн ургамал тариалах болон тэжээл үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг үзүүлж байна. Цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тэжээлийн үйлдвэрлэлийг түүхий эдийн болон үйлдвэрийн шатанд нь бүрэн дэмжих боломжийг бүрдүүлэх юм.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.