Бусад
Киргиз улсын байгаль орчны салбарын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцохоор албан томилолтоор Монгол Улсад ажиллаж байна.
Гадаадын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч Дин Цао болон холбогдох албынхан хүлээн авлаа.
Монгол Улсын хувьд уул уурхайн салбар 100 жилийн түүхтэй бөгөөд ДНБ-ний 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус бүрдүүлдэг тэргүүлэх салбар. Манай улс уул уурхайн нөөц баялаг ихтэй хөгжиж буй 29 орны нэг гэдгийг Дэд сайд М.Ганбаатар онцлоод Монгол улсад ойролцоогоор 7,1 сая га талбайд 3077 хуулийн этгээд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 3.89 хувийг эзэлдэг. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас ард иргэд. байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд бий болж түүний дотор хөрсний эвдрэл, гадаргын усны бохирдол болон хомсдол, бэлчээрийн доройтол, тоосжилт, орчны бохирдлын асуудлууд тулгарч байгаа. Байгаль орчны доройтлыг бууруулах уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх асуудлыг нэн тэргүүд тавин ажиллаж байгааг онцлов.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2017-2018, 2020 онд Монгол Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг тус тус зохион байгуулсан. Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай байгааг тогтоож бүртгэсэн бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрт олон жил эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг мөн дурдав.
Албан томилолтын хүрээнд /2023.06.07/ БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, танилцуулга мэдээлэл хийж байна.
Эх сурвалж: БОАЖЯ

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.