Дэлхий дахинд
НҮБ: Дэлхий даяар аргагүйн эрхэнд дүрвэсэн 110 сая шахам хүн байна
Дэлхийн хэмжээнд дүрвэгсдийн чиг хандлага 2022 онд ямар байсан талаарх НҮБ-ын тайлан илтгэл өнөөдөр нийтлэгдлээ. Өнгөрсөн оны туршид 19 сая шахам хүн аргагүйн эрхэнд орон гэрээ орхиж дүрвэсэн нь энэ талын ажиглалт явуулсан түүхэнд, жилийн доторх хамгийн өндөр өсөлт болсныг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар тэмдэглэж байна.
Улмаар 2022 оны төгсгөлд дүрвэгчдийн нийт тоо 108,4 саяд хүрчээ. Аюулгүй байдал эрэлхийлж гадаад улсуудыг зорьсон буюу дүрвэгч болсноор бүртгэлд орсон хүний тоо 2022 онд 35,3 сая болсон бол, улс орон дотроо шилжилт хөдөлгөөнд өртсөн хүмүүс 62,5 саяар тоологдож байгаа юм байна. Дүрвэгчдийн тоо ингэж урьд байгаагүй олноор нэмэгдэхэд, Украины дайн болон Суданд болж байгаа зэвсэгт мөргөлдөөн гол түлхэц үзүүлснийг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар тайландаа онцолсон байна. Тухайлбал, Украинаас дүрвэгчдийн тоо 2021 оны төгсгөлд 27300 байсан нь 2022 оны эцэст 5,7 сая болж нэмэгджээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших түүхэнд дүрвэгсдийн хамгийн хурдацтай урсгал болсныг НҮБ-ын агентлаг мөн тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ дүрвэгчдийг хамгийн олноор хүлээж авсан орнуудын тоонд чинээлэг орнууд байхгүй байгааг НҮБ онцлон дурдлаа. Арга буюу өөр улс орнууд руу дүрвэж цагаачилсан хүмүүсийн 20 гаруй хувь нь хөгжлөөр хамгийн хоцрогдмол, дэлхийн ДНБ-ий 1,3 хувиас бага хувийг бүрдүүлдэг 46 улсад оногдож байгаа дүр зурагтай байна. Тэгсэн атлаа эдгээр улсад дүрвэгч цагаачид хүлээж авснаас нь үүдэж тулгарч байгаа асуудал бэрхшээлүүд, хэрэгцээ шаардлагыг нь хангахад хүрэлцэх хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг огтоос үзүүлээгүй гэдгийг мөн анхааруулсан байна.
Энэ үүднээс “үүрэг хариуцлагын тэгш шударга хуваарилалт, олон улсын өргөн дэмжлэг энэ асуудалд шаардлагатай байгааг” НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдэгдсэн байна. 6-р сарын 20-нд болдог Дэлхийн дүрвэгчдийн өдрийн босгон дээр нийтлэгдсэн тайланд тэрчлэн, дайн хямрал, мөргөлдөөнөөс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг сүйдлийн улмаас улс орон дотроо болон хилийн чанад руу дүрвэгчдийн урсгал энэ 2023 онд ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг дурдсан байна.