Нийгэм
Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж байна.
2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.
-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?
-Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас өрнөсөн. Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс 11-12 дугаар сард уг сурталчилгааны ажлыг дахин эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгдсэн. Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл тархаад байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн торгууль ногдуулахгүй. Хоёрдугаарт, бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байна. Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.
-Зарим цэгт цахим гэрчилгээ дууссан гэх мэдээлэл бий. Цахим гэрчилгээ олгох ажлыг үзлэг, оношилгооноос тусдаа хийх боломжгүй юу?
-Өнгөрсөн долоодугаар сард ЗТХЯ болон НЗДТГ хамтран цахим гэрчилгээ олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд одоогийн байдлаар гурван ээлжээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Нийслэлийн зүгээс цэгийн тоог олшруулах асуудлаар Автотээврийн Үндэсний төвд тогтмол хандсаар ирсэн. Тодруулбал, И-Март, Номин зэрэг бусад сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох тухай асуудлыг удаа дараа санал болгож байна. Салбар хооронд буюу олон байгууллагыг хамарч буй тул хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Автотээврийн Үндэсний төв, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран ажиллаж байна.
-Нийт хэдэн цахим гэрчилгээ нийлүүлсэн бэ?
-Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн.
-Системийн хөгжүүлэлт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-аас хийж байгаа, эцсийн байдлаар дуусаагүй. 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хөгжүүлэлтийг дуусгана гэх мэдээлэл өгсөн.
-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?
-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй. Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаад торгуульсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа. Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан торгуулиа төлөхгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэдий хугацаанд, хэрхэн торгууль төлөх тухай журам гаргахаар боловсруулж байна.
-Нийслэлийн хэмжээнд торгуультай хэчнээн машин байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байна. Сүүлийн үед торгуулийн төлөлт огцом нэмэгдэж байгаа гэв.
Ташрамд, Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон. Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулаад байна. 2024 оны нэгдүгээр сарын 8-наас цахим гэрчилгээг төлбөртэй суурилуулна гэсэн мэдээлэл ташаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 16 техникийн хяналтын төвд цахим гэрчилгээ олгож байгаа юм. Иймд жолооч та харьяалал харгалзахгүйгээр ачаалал багатай цэгт хандан цахим гэрчилгээгээ суурилуулаарай.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ