Нийгэм
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөн бөгөөд Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн байсан. Ингэснээрээ “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдэлийг нэмэгдүүлсэн. Бид гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор бүрэн буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажил үргэлжлээд явж байна” гэв.
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж ГУББГ-аас Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Баруун уул, Толгойт, Намгийн сувагт цэвэрлэгээ хийж байна. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төлөвлөгөөт шугамын лаг цэвэрлэгээг хийж байна.
ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.