Улс төр
“Бонд форум-2025” өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жалбаажамц үг хэлсэн.
Тэрбээр, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдэж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон.
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ.
Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов.
Түүнчлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм.
Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг тэмдэглэв.
Тэрбээр Топ-100 аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн мэргэжлийн оролцогчид бондоор хөрөнгө оруулалт татахдаа Ногоон бондыг онцлон анхаарахыг хүсч, энэхүү бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн гэдгийг энд онцлон дурдсан.
Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь биднээс улам илүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг шаардаж байгааг тодотгоод, Улсын Их Хурлын даргын санаачилж буй “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогчдын санал, дүгнэлт, илтгэлүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.