Нийгэм
П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.
-“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт өртсөн 207 дугаар байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэн гарна. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхлэх юм. Сэргээн засварлах ажил нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг болдог. Тиймээс тухайн ослыг хянан шийдвэрлэх явцад аль нэг этгээд буруутай болох нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулна. Даатгалд хамрагдсан тодорхой хэдэн орон сууцны засварыг даатгал нь хариуцна. Энэ хугацаанд 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгоод байна. Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа.
-Түрээсийн төлбөрт дунджаар хэдэн төгрөг олгож байгаа вэ?
-Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
-Тухайн орон сууцны барилгуудыг цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал засварыг хэрхэн хийх вэ?
-Эцсийн дүгнэлт гарсны дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан, засварын ажлыг шуурхай гүйцэтгүүлнэ. Нийслэлийн харьяа инженер хангамжийн байгууллагууд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу тал талын оролцоотойгоор бүх мэргэжлийн байгууллага ажиллан, дүгнэлт гаргах ёстой.
-Цаашид энэ төрлийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг хүн амын нягтаршил, барилга ихтэй байршлуудад стандартын бус хашаа, хайсыг буулгах, орц, гарцыг нэмэгдүүлэх замаар гал команд, түргэн тусламж цаг алдалгүй ирэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд байгаа СӨХ, аж ахуйн нэгжүүдэд стандартын бус хашаа, хайсыг буулгах мэдэгдэл хүргүүлж байгаа. Хотын стандарт, барилгын норм дүрэм, хууль тогтоомжийг зөрчин, чанаргүй барилга ашиглалтад оруулж байгаа төрийн болон хувийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиглалтад орсных нь дараа хариуцах СӨХ-ны үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд ч мөн хариуцлагатай байж, худалдан авч буй байраа стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, дүгнэлтэд үндэслэх, орон сууцаа даатгуулах, СӨХ-дод шаардлага тавьж байх хэрэгтэй. Тал талдаа хариуцлагатай байх нь зүйтэй юм.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм12 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь