Нийгэм
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг өнөөдрөөс Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно
Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгохоор боллоо.
Тодруулбал, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээн авах боломж бүрдэж байна.
Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:
- Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана.
- Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь зөвлөгөө мэдээлэл авах, бүртгүүлэх, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлт өгөх, оршин суух үнэмлэхээ авах, хасалт хийлгэх зэргээр хамгийн багадаа долоон удаа биечлэн ирдэг байсан нь үйлчилгээ цахимжсанаас хойш хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ авахаар нэг л удаа биечлэн ирдэг болж буурсан. Харин одоо хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ өөрт ойр үйлчилгээний цэгээс авах боломжтой болсноор хотын төвөөс алслагдмал үйлчилгээний цэгт очих цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой болж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.