Нийгэм
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт боллоо
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 12-нд Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд 6 дугаар Бичил хороолол буюу Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар тус хэсгийг “Бичил төв” болгон бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот хүнсний хангамж, аялал жуулчлалын асуудлаа 21 аймгийн тусламжтай шийддэг. Тээвэр логистикийн асуудлаа шийдэхийн тулд Төв аймгийн зарим сумдтай хамтран ажилладаг. Энэ мэтчилэн бусад аймгуудтайгаа харилцан таталцаж байж Улаанбаатар хотын асуудлыг системтэй шийдэж чадна. Тиймээс хотын хөгжлийн асуудлыг дангаар нь ярих бус хот орчмын бүсүүдтэй нь хамтатган хэлэлцэх учиртай. Цаашид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтайгаа хамтдаа хэлэлцэж, тулгарч болзошгүй асуудлуудыг сонсон, шийдэл боловсруулах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм” хэмээв.
Баянгол дүүргийн 34 хороонд 252,979 хүн оршин суудаг. Тус дүүргийн хувьд 2021-2024 онд боловсролын салбарт 172.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэг, 13 сургууль ашиглалтад оруулсан. Мөн 205 байршилд тохижилт хийж, 58.6 км авто зам шинээр тавин, шинэчлээд байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 3, 10, 11, 22 дугаар хороонд хэрэгжиж байгаа бөгөөд өдгөө 336 айлын гурван блок барилга ашиглалтад ороод байгаа юм. Харин “Бичил төв” буюу 9, 10, 21, 22, 23 дугаар хороо нийт 36,777 хүн амтай. Тухайн бүсийн 20 хувь нь орон сууцны хороололд, 80 орчим хувь нь гэр хороололд оршин суудаг байна.
Уулзалтад оролцсон Баянгол дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс гэр хороолол ихтэй тус хэсгийг бүсчлэн хөгжүүлж, дэд бүтэц, стандартын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг онцолж байв. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд тодорхой хэмжээний эрх мэдэл олгож, иргэдийн гаргасан өргөдөл, саналыг газар дээр нь шийдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн чадамжийг олгох хэрэгтэйг дурдаж байлаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.