Нийгэм
Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана

Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм.
Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар
- Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх
- Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх
- Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх
- Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ