Улс төр
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өчигдөр(2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль топгоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон талаар тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын уг тогтоолд нэмэлт оруулах бодит нөхцөл, судалгааг танилцуулсан юм. Үүнд, олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бөгөөд иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсзн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой гэв.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдпаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.
Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Улс төр
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа