Улс төр
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах, өрх бүлийн амьжиргаа дээшлэх, амьдралын чанар сайжрах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж Ерөнхийлөгч үзэж байна.
Иймээс:
- Салбарын эрх зүй, санхүү, татвар, даатгалын таатай орчин бий болгох,
- Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, өндөр чанартай түүхий эд бэлтгэх болон малын гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо хөгжүүлэх,
- Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх,
- Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, давтан сургах,
- Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлэв.
Үүнд төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэг зорилго, нэг бодлого чухал гэдгийг онцолж, бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт арьс, арьсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машины эд ангиуд, цаас, цаасан бүтээгдэхүүн болон хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспорт нэмэгдэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой гэж үздэг.
1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна.
Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.
1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан нь орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэл байсан түүхтэй. Үүнээс өмнө энэ салбар гар урчууд, төмөр болон мөнгөний дархчуудаас бүрдсэн гар үйлдвэрлэлд түшиглэж байлаа.
1940-1950 онд малын гаралтай түүхий эдээ ашиглан дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан.
1960-1990 онд олон хөнгөн аж үйлдвэр бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин, үр ашиг, чанарын үзүүлэлтүүд эрс сайжирч, шаардлагатай боловсон хүчнээ эх орондоо бэлдэж байсан түүхтэй юм.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Улс төр
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа