Улс төр
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр 09 цаг 06 минутад эхэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллажээ.
Ажлын болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 удаа хуралдан, төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарт багтаан хөндөгдсөн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр нь хэлэлцээд дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэснийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Олон улсын санхүүгийн зах зээлд своп гэрээг талууд байгуулахдаа зөвхөн санхүүгийн хэрэгслийг ашиглахаас гадна бусад төрлийн мөнгөн урсгалд орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашигладаг. Дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгож бусад төрлийн хөрөнгөд суурилах боломжийг бий болгох зорилгоор суурь хөрөнгийн своп гэрээний нэр томьёоны тодорхойлолтод нэмж тусгасан байна. Мөн олон улсад хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагддагаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг. Энэ утгаараа хадгаламжийн сертификатын даатгалд хамруулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор төслийн холбогдох зүйлийг өөрчлөн найруулжээ. Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тугай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд тавих нэмэлт шаардлага гэсэн зохицуулалт бүхий хэсгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зорилттой нийцэхгүй гэж үзээд төслөөс хасах нь зүйтэй ажлын хэсэг үзжээ.
Клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрдүүлэх төслийн 42.2 дахь хэсгийг өөрчилсөн байна. Мөн төслийн зүйл хоорондын нийцлийг хангах, хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж, нэр томьёог жигдэлжээ.
Төсөлтэй холбогдуулан d.parliament.mn хуудсаар ирүүлсэн 7 санал нэг бүрийг авч хэлэлцэж шаардлагатай 5 саналын агуулгыг хуулийн төслөөр хөндөгдсөн хэсэг, заалтад тусгасан болохыг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39-10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцээд, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Улс төр
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа