Улс төр
Орон нутагт 300 мянган орон сууц барина
“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. 2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128,491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёррт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт 4 аж ахуй нэгжид 1,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ.
Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн 2 баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урьж ажиллуулсан байна.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Улс төр
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа