Нийгэм
С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна

Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос гадна цаг агаар орчим дулаарч буй тул цас мөс эрчимтэй хайлж, уулнаас ус буун, хальж, авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас нийт дөрвөн байршилд 29 албан хаагч 11 машин техник, хоёр помптойгоор замд тогтсон усыг соруулан ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:
-Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд уулын шар ус бууж, зарим зам талбайд халин орсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо буюу Дарь-эх орчимд нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний ус тогтоод байна. Энэ хэсгийн авто зам ус зайлуулах системтэй боловч өвлийн улиралд халиа тошин үүссэнтэй холбоотойгоор гаргалгаа хэсэг нь хөлдөж, бөглөрөн ус зайлуулах боломжгүй байгаа тул соруулж, зөөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үерийн шороотой ус урсаж, ус зайлуулах шугамыг бөглөх эрсдэл бас үүсдэг. Нийт дөрвөн бригад арав гаруй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 400 гаруй тонн ус соруулаад байна. Цагт 400-500 шоо метр ус соруулах чадвартай помпууд ажиллаж байгаа. Цаг агаар дулаан байгаа учраас уулнаас нэмж ус орж ирэн мөн булаг хальж байгаа тул нөхцөл байдал амар шийдэгдэхгүй байна. Суурьшлын бүс байгаа учраас суваг татах боломжгүй, нэн түрүүнд ус соруулах шаардлагатай.
Шар ус маш холоос урсан, орж ирж байна. Урсаж орж ирэх замд маш их суурьшил үүссэн буюу ус урсах голдирлыг өөрчлөн, зөвшөөрөлгүй хашаа, хана барьчихсан байгаа юм. Мөн иргэд эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд суваг шуудуу татаж, шороон далан босгох зэрэг арга хэмжээ авч, үерийн эрсдэлтэй бүс, далан дагуу суурьшихгүй байх хэрэгтэй байна.
Цаашид Улаанбаатар хотын 37 байршилд ус зайлуулах шугам, системийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна. Усны барилга байгууламжийн ажил нь төвөгшил өндөртэй учраас мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж, барилгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэн, насос станц, худаг, ус хуримтлуулах томоохон сангуудыг байгуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ГУББГ-аас ус их тогтдог 43 байршилд ус зайлуулах асуудлыг шийдсэн хэмээлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Эдгээрт хуримтлагдсан лаг хагшаасыг жилд 3-4 удаа цэвэрлэдэг бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ нь далд байрладаг учраас бүрэн дулаарч, хайлсны дараагаар цэвэрлэдэг байна. Иймд дөрөвдүгээр сарын 20-ноос ил шугам сүлжээ, лоткиг цэвэрлэж эхлэн, түүний дараагаар далд системийг цэвэрлэх юм. Борооны ус зайлуулах системээс 4000 орчим шоо метр, томоохон далан сувгуудаас 21-25 мянган шоо метр лаг хагшаасыг жил бүр тогтмол цэвэрлэж, зайлуулдаг гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм41 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент47 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад45 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна