Нийгэм
Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.
Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. Эхний ээлжид “Цагдаа” хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх бөгөөд цаашлаад хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.
Ташрамд, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.