Нийгэм
“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна

Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн. Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын 8 сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулна. Ингэхдээ 7 хоногийн 3 өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Баярчимэг “Дэлхийн олон оронд “сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Жишээ нь БНХАУ 2000 оноос эхлээд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгос улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан судалгаа ч бий. Уг хөтөлбөрт 1 тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Түүнчлэн хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэлээ.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.