Улс төр
БОХХААБХ: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.17/ хуралдаан 11 цаг 40 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд хуралдаж, ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг нэг бүрчлэн хураасныг дурдаад хуулийн төсөлд малчин, мал бүхий иргэд хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх, бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны орчны газар дахь малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах, малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт, тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх зэрэг ач холбогдолтой хуулийн зохицуулалтыг төсөлд нэмж тусгалаа.
Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжсэн гэв.
Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Монгол Улсынн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн 10 дугаар зүйлд “өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах ажлыг хангах ажлыг зохион байгуулах; малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх санал санаачилгыг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;” 10.1.5, 10.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан боловсруулсан байна.
Үүнд:
- Баянзүрх дүүрэг 3 тойрог, 10 мандат
- Сонгинохайран дүүрэг 2 тойрог, 10 мандат
- Баянгол дүүрэг 1 тойрог, 6 мандат
- Сүхбаатар дүүрэг 1 тойрог, 4 мандат
- Чингэлтэй дүүрэг 1 тойрог, 4 мандат
- Хан-уул дүүрэг 1 тойрог, 6 мандат
- Багануур дүүрэг 1 тойрог 2 мандат
- Налайх дүүрэг 1 тойрог, 2 мандат
- Багахангай дүүрэг 1 тойрог, 1 мандат байх аж.
2020 онд нийслэлийн 9 дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна. Нийт сонгогчийн тоо 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулахад нэг нэр дэвшигчид ногдох тоог дараах байдлаар тооцоолон гаргасан гэсэн үг. Сонгогчийн хувьд:
- Баянгол дүүрэг 27,648
- Баянзүрх дүүрэг 27,345
- Сонгинохайрхан дүүрэг 22,148
- Сүхбаатар дүүрэг 25,939
- Хан-уул дүүрэг 29,155
- Чингэлтэй дүүрэг 25,758
- Багануур дүүрэг 9841
- Багахангай дүүрэг 3023
- Налайх дүүрэгт 13,380 сонгогч байна.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид сонгуулийн тойрог тогтоож, мандатыг батлахдаа сонгогчийн тоонд уялдуулах ёстой гэсэн саналыг хэлж байлаа. Тухайлбал, Багахангай дүүрэг 1 мандатад 3023 хүн байхад Хан-Уул дүүрэг 29 мянга буюу арав дахин их хүн амтай байгааг тодотголоо. Улмаар төлөөллийн тоо тухайн тойргийн хүн хүн амтай уялдах нь зөв гэдэг байр суурийг зарим төлөөлөгч илэрхийлж байсан юм. Тэгвэл зарим төлөөлөгчийн хувьд нийслэлийн төвлөрлийг бууруулах Засгийн газрын бодлогын хүрээнд дагуул хотуудад ногдох мандатын тоог нэмэх ёстойг сануулав.
Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжүүлнэ
Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг “Нийслэлийн Орон Сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа.
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК-иас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжүүлэх аж. Уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа. НОСК, Багахангай дүүргийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв орон сууц барихаар төлөвлөжээ.
Товчхон:
- Нийслэлийн өмчит “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн холбогдох төслүүдийг Зам тээврийн яам болон нийслэлд хариуцуулж байгаатай холбогдуулан уг компанийг татан буулгах тогтоолын төслийг дэмжлээ.
- Нийтийн тээврийн орлого жил бүр буурсаар байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн төсөвт учрах дарамтыг багасгах зорилгоор БНСУ-ын T-money групптэй хамтран ажиллах гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг нь Нийтийн тээврийн газарт хариуцуулан, хөрөнгийг нь Нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасав.
- “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэлээ.
- Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
- “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
- 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
Улс төр
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд сонгогдсон бөгөөд Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, ноён Сайа Мау Пиукалаг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлаар сонгогдсонд баяр хүргэв. Тэрбээр уулзалтын эхэнд, парламентын зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад чиглэсэн хууль, тогтоомж, бодлогын шийдвэрүүдээс товч танилцууллаа. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг баталж, салбар дундын хамтын ажиллагаа, нэгдсэн тогтолцоог тодорхой болгосон төдийгүй цогц шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар дурдсан юм. НББХ-ны дарга П.Анужин үргэлжлүүлэн, хүний эрүүл мэндийн суурь хүчин зүйл нь шим тэжээлтэй хоол хүнс тул цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тэмдэглээд, мөн электрон тамхины хуулийн хүрээн дэх зохицуулалтын талаар харилцан санал солилцов. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос Нээлттэй сонсголыг зохион байгуулсны үр дүнд эм хангамжийн салбарт бодлогын болон тогтолцооны өөрчлөлт шаардлагатайг хэлэлцэж, эмийн үнэ, чанарын асуудлыг хөндсөн талаар тодотголоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала, ажлаа авсан эхний 100 хоногтоо багтаан Монгол Улсад ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын суурь тогтолцоо, системийн онцлог болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг эрмэлзэж буйгаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаж, оношилгоо, үйлчилгээнд нэвтэрсэн шинэ технологи, цахимжилт болон чанар, стандартын түвшинг сайшаагаад эдгээр нь ДЭМБ-аас дэвшүүлсэн эрхэм зорилготой нийцэж байгааг тэмдэглэв. Мөн энэ үеэр Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд идэвхтэй хамруулж байгааг онцолсон юм.
Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалагийн дурдсанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, тогтолцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон цар тахлын дараах нөхцөл байдлыг сайжруулж, цаашдын эрсдэлээс хамгаалах нь ДЭМБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд гэж байлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол Улс болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, ялангуяа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт санал нэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа Улсын Их Хурлын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа” гээд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
-
Улс төр4 цаг өмнө
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм4 цаг өмнө
Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа
-
Нийгэм4 цаг өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
-
Нийгэм4 цаг өмнө
“Эрдэм хакатон-2024” тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г баталлаа