Улс төр
ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн “Улсын Их Хурлын бүрэн эрх” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Эрдэнэсийн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах”, 5.1.3-т “үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах” бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу Монголбанкнаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн бөгөөд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван төслийн талаар танилцууллаа.
Монголбанкны Эрдэнэсийн сан 2023 онд 17.8 тонн үнэт металл худалдан авч гадаад валютын улсын албан нөөцийг 788.4 сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Улсын Их Хурлын 2023 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан байна.
Монголбанкны Эрдэнэсийн санд 2 тэрбум төгрөгөөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологийн олдврыг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн гүйцэтгэл 110 сая төгрөг болжээ. 200 ширхэг дурсгалын зоосны дээжийг үндсэн санд орлогод авахаас 276 ширхгийг орлогод бүртгэсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Чингис хааны алтадсан хүрэл баримал, тамга бүтээлгэх, гүйлгээ сангийн зарлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үргэлжлүүлэн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 2024 оны Эрдэнэсийн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын төсвийн төсөл буюу Эрдэнэсийн сан хөмрөгийг энэ онд нэмэгдүүлэн, үндсэн санд орлогоор бүртгэх төлөвлөлтийг танилцууллаа. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, байгалийн төрц худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хам хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг зарцуулахаар, Чингис хааны хүрэл барималтай холбоотой бусад зардал, дурсгалын зоосны дээжийг хүлээн авч орлогоор бүртгэх, үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэхтэй холбоотой жагсаалтыг танилцуулсан. Түүнчлэн гүйлгээ санд 2024 онд үйлдвэрлэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг орлогоор бүртгэх юм байна. Гүйлгээ сангаас дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын хүрээнд Монголбанк, Соёлын яам, Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнгийн зардлын талаар танилцуулав.
Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Энхтүвшин асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Дараа нь санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан.Тайлант онд тус хороо 9 газар, 5 хэлтэс, 6 алба, нийт 168 орон тоотойгоор 29 хууль, 139 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан, үйл ажиллагаагаа явуулсан байна. Тус хорооны чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Сэндбоксын алба, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс, Мөнгөн зээлийн зохицуулалтын албыг тус тус байгуулжээ.
Санхүүгийн зохицуулах хороо 2023 онд 24 удаагийн хуралдаанаар 810 тогтоол баталсан гээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан юм. Хороо нь хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оны салбарын хуулийн өөрчлөлтөөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн. 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкнуудыг олон нийтийн нээлттэй компани болж, ХК хэлбэртэй бол Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтад орох юм.
“Монгол Улсын Санхүүгийн хүртээмжийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах хүрээнд Сэндбокс зохицуулалтын орчныг бий болгожээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудын хүрээнд тус Хороо Монгол Улсад урьд өмнө огт зохицуулагдаж байгаагүй 7 салбарын үйл ажиллагааг зохицуулахаар хяналтын чиг үүрэг, хамрах хүрээ 3 дахин нэмэгдсэн болохыг тайланд тэмдэглэжээ.
Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга 2023 онд тус Хорооноос хийсэн бодлого зохицуулалтын онцлох арга хэмжээнүүдийг товч танилцуулав. Банкны реформ, төрийн өмчит компаниудын хувьчлалыг амжилттай гүйцэтгэн, 6 банкны IPO хийгдсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. IPO хийсэн 6 банк нийт 72 мянга гаруй хөрөнгө оруулагчаас 478.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага худалдаагаар арилжсан нүүрс, төмрийн хүдэр, баяжмалын үнийн өсөлт дунджаар 10 хувьтай, 1 тонн бүтээгдэхүүний хаалтын ханш 220-1330 юань, 64-180 ам.долларын хооронд хэлбэлзсэн гэв. Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжсэн татварын эрх зүйн орчин бүрдснийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Монгол Улсад анх удаа нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 170 мянган ширхэг ногоон бонд гаргаж, олон нийтээс 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу 5 журам баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар 42 хуулийн этгээдийг бүртгэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр хууль эрх зүйн орчныг сайжруулах болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх үйл ажиллагаагааны тайлангаа дэлгэрэнгүй танилцуулсан. 2023 оны 07 дугаар сард ФАТФ-ын техникийн зөвлөмжийг бүрэн ба дийлэнхийг нь хангаж биелүүлсэн бөгөөд Монгол Улс бүс нутгийн хэмжээнд анхны, дэлхийн хэмжээнд 5 дахь орон болсныг тэрбээр онцоллоо. Цаашид техникийн зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хонконг, Шанхайд цуврал арга хэмжээ зохион байгуулж аж.
Технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих замаар санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээндээ санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбоксын зохицуулалтын орчныг таниулах зорилгоор олон улсад шинэ хөгжиж байгаа “Тэкспринт” уралдааныг анх удаа зохион байгуулжээ. Нийт 22 багийн 100 гаруй оролцогч оролцсон байна. Эндээс гарч байгаа шинэ санаа, санаачилгыг практикт нэвтрүүлэх чиглэлээр Хороо идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа гэв.
Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга тус Хорооны зохицуулалттай этгээдүүдийн Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх таниулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Санхүүгийн зохицуулах хороо компанийн засаглалын кодексыг шинэчлэн баталснаар нээлттэй ХК-иудаас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт менежментийн компаниудыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд 2023 онд 124 тусгай зөвшөөрөлтэй этгээдэд кодексын хэрэгжилтийг давтан үнэлсэн байна. Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулаад 2024 онд санхүүгийн зохицуулалттай салбаруудын эрх зүйн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжих, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих зорилтуудыг дэвшүүлснээ дуулгав.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.
Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд нэг удаа хуралджээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, өргөн мэдүүлсэн нь Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах томьёоллыг боловсруулжээ. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг мөн төсөлд тусгахаар танилцуулж байгаа аж.
Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны холбогдоах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж, тус Хорооны дарга Б.Батдаваа хуралдаанд танилцууллаа.
Тайлант онд албан ёсны статистикийг хөгжүүлэх дэлхий нийтийн чиг хандлага, дотоодын хэрэгцээнд нийцүүлэн статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан байна. Энэхүү стратеги, төлөвлөгөөнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, статистикийн мэдээлэл эрхлэн гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлсэн байдаг аж. Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээ, тооллого, судалгааны мэдээллийг нэгтгэж боловсруулахад Үндэсний статистикийн хорооноос баталсан 78 аргачлал 11 ангиллын мөрддөг байна. Үндэсний статистикийн хорооноос статистикийн үзүүлэлт аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд 2023 онд 7 аргачлал, 6 судалгааны үзэл баримтлал, 5 маягт түүнийг нөхөх заавар, 5 гарын авлага, 8 судалгааны үр дүн танилцуулгыг шинээр болон шинэчлэн боловсруулсан байна. Үүнээс шинээр 3 аргачлал, 4 судалгааны үзэл баримтлал, асуулга нөхөх заавар, 7 гарын авлага, баримт бичгийг боловсруулж баталжээ.
Үндэсний статистикийн хороо Статистикийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2023 онд улсын хэмжээнд нэг тооллого судалгаа, 18 түүвэр судалгааг зохион байгуулж, сард дунджаар давхардсан тоогоор 29.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг нэгтгэн, нягталж 3.2 мянган өрхөөс мэдээлэл цуглуулж, статистик мэдээллийг боловсруулсан байна. Тухайлбал, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарын албан ёсны статистикийн мэдээг өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулсан бол хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мөнгө, зээл, санхүү, гааль, даатгал, татвар, байгаль орчин, шүүхийн статистик зэрэг захиргааны мэдээллийг нийт 44 байгууллагаас боловсруулж хэрэглэгчдийн хүртээл болгосон байна.
Тайлант онд Статистикийн тухай хуульд заасны дагуу тогтмол зохион байгуулдаг тооллого түүвэр судалгаануудаас гадна Улсын Их Хурлын тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” 2 шатны зөвлөлдөх санал асуулга, 5 жил тутам зохион байгуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, цаг ашиглалтын судалгаа, гэмт хэрэгт хохирох, эрсдэлийн судалгаа зэрэг улсын хэмжээний томоохон түүвэр судалгааг зохион байгуулсан байна. Статистикийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсад анх удаа хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөх, эрсдэл нөлөөллийг судлах, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаны зөвлөмжийн дагуу зохион явуулсан байна.
Мөн 5 жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил хамгаалал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ, түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тооцох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран амжилттай зохион байгуулсан байна.
Түүнчлэн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн онд статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварын дагуу мэдээлэл цуглуулалтаас тархалт хүртэл бүх алхмыг цахимжуулсан статистикийн үйлдвэрлэлийн системийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, түүвэр судалгааны мэдээллийг хянах цахим мониторингийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг шинээр хэрэгжүүлжээ. Мөн улсын хэмжээнд мэдээллийг нягтлах, уялдуулах, шалгах ажлыг зохион байгуулсны үр дүнд зөрүүтэй мэдээллийг шинэчилж, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн чанарыг цаашид хангах үйл ажиллагааны цогц журам, загварыг хөгжүүлэн ажиллаж байгаа аж.
Хэрэглэгчдийн статистик өгөгдлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг чанартай эх үүсвэрээр хангах нь Үндэсний статистикийн хорооны төдийгүй дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын өмнө тулгарч буй зорилт хэвээр байгааг Б.Батдаваа дарга тэмдэглээд, энэ хэрэгцээг манай улсын онцлог, хязгаарлагдмал нөөцөд тулгуурлан мэдээллийн технологийн ололтод түшиглэн шийдвэрлэх зорилгоор тус Хорооноос 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд захиргааны өгөгдөлд суурилсан “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд 2023 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага, төслийг Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн чанарыг үнэлэх, албан хаагчдыг чадавхжуулах, төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан болон өгөгдлийн нэгдсэн санг үүсгээд байгааг танилцуулав. Мөн статистикийн шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор ДНБ-ий тооцоог сараар тооцох, цахим хуудаснаас шүүх, өгөгдөл холбох зэрэг статистикийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгосон байна.
Хэрэглэгчид статистикийн мэдээллийг хялбар хүргэх зорилтын хүрээнд 2023 онд хэвлэмэл болон цахим хуудсаар 26 салбарын 569 мэдээллийг шинэчлэн, олон нийтэд түгээж, статистикийн мэдлэг, боловсролыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулсан байна.
Статистикийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор 2023 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн товчоог Үндэсний статистикийн хорооны дарга даргалж, НҮБ-ын Статистикийн комисс, бүсийн уулзалтад Монгол Улсын статистикийн систем болон бүсийг төлөөлж ажилласан байна. Хорооны гадаад хамтын ажиллагааны үр дүнд Үндэсний статистикийн хороонд 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий техник туслалцааны төсөл хэрэгжиж эхэлсний зэрэгцээ БНСУ-ын Статистикийн газраас 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх статистикийн системийг хөгжүүлэх хөгжлийн албан ёсны тусламж батлагдсан байна. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, Гүрж улс, БНПУ-ын статистикийн байгууллагатай санамж бичиг байгуулж, БНХАУ болон Австралийн Холбооны Улсын статистикийн байгууллагуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч үндэсний статистикийн системийн цогц үнэлгээ хийж, үнэлгээний мөрөөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын XXI зуунд статистикийн хөгжлийн төлөөх түншлэл байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй үндэсний статистикийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Энэ онд тус Хороо “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” төслийн хүрээнд үндэсний өгөгдлийн платформ, мета өгөгдлийн платформын эхний хувилбарыг ашиглалтад оруулж, мэдээллийг нэгтгэх, задгай өгөгдөлтэй ажиллах орчныг бүрдүүлэх эхний алхмыг хийхээр төлөвлөжээ. Мөн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, нэгтгэх, Монгол Улсын түүхийн статистик үзүүлэлтүүдийг баяжуулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байгааг танилцуулгын үеэр дурдав. Түүнчлэн статистикийн салбарын 100 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд хоёр талт болон олон улсын хэмжээний 6 арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ онд статистикийн системийн мэдээллийн чанарыг сайжруулах, шинэ эх үүсвэр бий болгох, улсын хэмжээнд өгөгдлийн засаглал шинжлэх ухааныг бэхжүүлэх ажлуудад голлон анхаарч ажиллахаар төлөвлөснөө Б.Батдаваа дарга хуралдаанд танилцуулсан.
Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй” сэдэвт мэдээлэлтэй танилцсан бөгөөд энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, доктор Д.Намхайдагва танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаанд хооронд нь уялдаатай нэгдмэл цогц байдлаар төлөвлөхөөр хуульчилсан гэдгийг тэрбээр дурдав. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэвтрүүлж, бодлогын баримт бичгүүдийг батлах явцад тодорхой бэрхшээлүүд тулгамдаж, бүрэн шийдэгдэхгүй асуудлууд нэлээдгүй байгааг хэллээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд үр дүнг бус үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг, төрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөлт нь гарц, үйл ажиллагаагаар хүрээ хязгаарлаж хардаг. Хоорондын уялдаа хамаарлынх нь уялдуулж төлөвлөх, улсын төлөвлөлт орон нутгийн төлөвлөлтүүд бас хоорондоо бүрэн уялдахгүй, асуудал үр дагавартай тэмцэх хандлагатай, асуудлын шалтгаан дээр төвлөрч бодлого төлөвлөлтүүд хийгддэггүй, батлагдсан бодлогын баримт бичгүүдэд үр дүн тодорхойлж байгаа хэдий ч түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдээ бүрэн тодорхойлдоггүй болохыг хэлсэн. Шалгуур үзүүлэлт тодорхойгүй учраас цаашдын хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд бэрхшээл үүсдэг гэх зэргээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодит хэрэгжилтэд анхаарах асуудлууд цөөнгүй байгааг Д.Намхайдагва доктор хэлсэн. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд холбогдох хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах аргачлал, урт, дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах аргачлал, мөн жилийн төлөвлөлтийн баримт бичиг буюу улсын болон аймаг нийслэл хотын жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг баталсан байна. 2024 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон орон нутгуудад аймаг нийслэлийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг энэ арга зүйн хүрээнд боловсруулсан байна. Удахгүй ирэх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулсныг Улсын Их Хурал хэлэлцэх юм. Нэн тэргүүнд үр дүнг нэгдмэл, цогц, харилцан уялдаатай төлөвлөх, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тодорхойлох, тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлсон, үр дүнг үндэсний болон салбарын түвшний хүлээгдэж байгаа үр дүн буюу урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгаа, огт үр дүн тодорхойлогдоогүй хэрнээ төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүжилт аваад байгаа хөтөлбөр бий эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ. Мөн төлөвлөгөөнд төрийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн үр дүнг бүрэн төлөвлөсөн эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ.
Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тодруулга хийж, байр сууриа илэрхийлснээр мэдээллийг сонсож дууссан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам