Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Ховд, Ховдын Дарви, Говь-Алтайн Шарга, Бугат, Тонхил, Баянхонгорын Богд, Баацагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сант, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Булган, Цогтцэций, Даланзадгад, Манлай, Мандал-Овоо, Гурвантэс, Ханбогд, Дорноговийн Сайншандад 28-34 м/с, Ховдын Зэрэг, Баянхонгорын Жинстэд 36-38 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, Дундговийн Гурвансайханд 1.1-4.5 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас ахиу, тал хээр говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Завханы Цэцэн-Уул, Тэлмэнд 3-9 см зузаан цастай байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.