Улс төр
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгууллаа
Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
Элчин сайдын яам
- Анкара дахь ЭСЯ
- Астана дахь ЭСЯ
- Абу-Даби
- Бангкок дахь ЭСЯ
- Берлин дэх ЭСЯ
- Брюссель дэх ЭСЯ
- Бишкек дэх ЭСЯ
- Будапешт дахь ЭСЯ
- Бээжин дэх ЭСЯ
- Варшав дахь ЭСЯ
- Вашингтон дахь ЭСЯ
- Вена дахь ЭСЯ
- Вьентьян дахь ЭСЯ
- Гавана дахь ЭСЯ
- Дели дэх ЭСЯ
- Каир дахь ЭСЯ
- Канберра дахь ЭСЯ
- Кувейт дахь ЭСЯ
- Лондон дахь ЭСЯ
- Москва дахь ЭСЯ
- Минск дэх ЭСЯ
- Оттава дахь ЭСЯ
- Парис дахь ЭСЯ
- Прага дахь ЭСЯ
- Ром дахь ЭСЯ
- Софи дахь ЭСЯ
- Сөүл дэх ЭСЯ
- Стокгольм дахь ЭСЯ
- Сингапур дахь ЭСЯ
- Ташкент дахь ЭСЯ
- Токио дахь ЭСЯ
- Ханой дахь ЭСЯ
Байнгын төлөөлөгчийн газар
- Женев дахь БТГ
- Нью-Иорк дахь БТГ
Ерөнхий консулын газар
- Истанбул дахь ЕКГ
- Сан Франциско дахь ЕКГ
- Осака дахь ЕКГ
- Кызыл дэх ЕКГ
- Улаан-Үд дэх ЕКГ
- Эрхүү дэх ЕКГ
- Хөх хот дахь ЕКГ
- Хонконг дахь ЕКГ
- Шанхай дахь ЕКГ
Консулын газар
- Эрээн дэх Консулын газар
- Пусан дахь Консулын газар
- Манжуур дахь Консулын газар
- Чикаго дахь Консулын газар
Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.
Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна уу гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
Улс төр
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох “Булевиртид” эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.
Гепатитын D вирусний халдварыг эмчлэх “Булевиртид” эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.
Гэвч “Булевиртид” нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ “Булевиртид” эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “”Булевиртид”” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “”Булевиртид”” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
– “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд
Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ.
Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.
“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.
Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт.
Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3,400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2,056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3,000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.
Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д гурван удаа мөнгөн медаль хүртсэн.
2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.
Улс төр
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун,
- Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нарыг шагналаа.
Сүхбаатарын одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Түвшингийн Бадрал,
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Жавзангийн Цогтоо,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Сэнгээгийн Цогтбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жадамбын Амарсанаа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дондовцэрэнгийн Ууганбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ядамсүрэнгийн Отгончимэг,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Дуламжавын Лувсан,
- Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Сумъяагаравын Цог-Эрдэнэ,
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Өлзий-Орших,
Цэргийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Пүрэвсүрэнгийн Чинзориг,
- Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарсүрэнгийн Батсайхан,
- Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Энхбаярын Энхбат,
- Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Гончигийн Отгонбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Дэмиддагвын Батсүмбэр,
- Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Амарсанаагийн Отгонжаргал,
- Үндэсний аврах бригадын аврагч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Саранчимэг,
- Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Баасангийн Батбаяр,
- Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Отгонцэрэнгийн Саранцэцэг,
- Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Насанбуянгийн Буян-Эрдэнэ,
- Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Энхбатын Мөнхбаатар,
- Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Лхагвын Нямбадрах,
- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Нарангийн Эрдэнэбаяр,
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Ууган-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн сантехникийн ажилтан Дугарын Сумъяа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.