Улс төр
“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-д ажиллалаа.
“Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Мөн Өмнөговь аймагтаа 3.5 сая мод тарихаар батламжилсан.
Энэ хүрээнд гурван үе шат бүхий “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус компани нийт 63.5 сая модыг тарьж ургуулан, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, судалгаа, инновацыг дэмжих, ойжуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, 63.5 сая модыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан нийт 22 мянган га талбайд тарих юм. Үүнд:
- Доройтсон ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 42 сая мод,
- Эвдэрч, эзгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10 сая модыг,
- Цөлжилтийг сааруулах, заган ойг нөхөн сэргээх зорилгоор 6.5 сая мод,
- Голын татмыг ойжуулах замаар урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод,
- Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 500 мянган мод,
- Агро-ойн зурвас, жимсний аж ахуй байгуулах зорилгоор 400 мянган мод,
- Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах зорилгоор 3,900 модыг тус тус тарих тооцоолол гаргасан байна.
Үүнээс Өмнөговь аймгийн нутаг, Богд Хан уулын бүс, уурхайн талбайд 2022-2023 онд 220 мянга гаруй мод тарьж ургуулан, 900 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.
“Оюу толгой” ХХК нь Ханбогд суманд Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 2010 онд байгуулж, говийн бүс нутгийн 50 гаруй зүйлийн ургамлыг үрээр үржүүлэх туршилтыг хийснээс 48 зүйл ургамал амжилттай ургасан байна.
Энэ туршлагадаа үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсийн ургамлын үрийн банк бүхий генетик нөөцийн төвийн бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.
Говийн бүсэд ойжуулалтыг амжилттай хийхийн тулд тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицсон, амьдрах чадвартай ургамлыг үрээс үржүүлэн тарих нь хамгийн тохиромжтой бөгөөд говийн ургамлын генетик нөөцийг бүрдүүлэх нь нэн ховордсон мод, ургамлын зүйлүүдийг хамгаалах, цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад онцгой ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.
Түүнчлэн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн таван суманд мод үржүүлгийн бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 500 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Цогт-Овоо суманд, 250 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд тус тус байгуулжээ. Манлай, Сэврэй, Баян-Овоо сумдад мод үржүүлгийн газар байгуулах ажлыг 2024 онд багтаан гүйцэтгэнэ.
Тус мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт, эхний хоёр жилийн санхүүжилтийг “Оюу толгой” ХХК хариуцаж, гурав дахь жилээс сонирхол илэрхийлсэн иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, хүлээлгэн өгөх юм.
Мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт нь мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжиж, нэмэлт орлоготой болгох, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны менежер Д.Самданжигмэд онцлов.
Цаашид мод үржүүлгийн таван газрыг шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг багцаар нь нийлүүлж, угсралтыг гүйцэтгэх бөгөөд компани өөрийн хэрэгцээний тарьц, суулгацыг эдгээр мод үржүүлгийн газраас болон зах зээлээс худалдан авна гэдгийг хэллээ.
Мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилтын хүрээнд 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га газрыг амжилттай нөхөн сэргээсэн талаар танилцуулав.
Цаашид тус компани нь бичил уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Дархан-Уул аймгийн Шарынгол суманд 187 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.
Улс төр
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн нийслэл Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель өнөөдөр төрийн захиргааны хууль эрх зүйн болон хот байгуулалтын мэргэжилтнүүдэд “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлд Герман улс хот байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахдаа олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан үзэж шийдвэр гаргадаг талаар дурдаж байв.
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель “Манай улсад орон нутгийн хамгийн бага нэгж нь өөрийн хариуцсан ажлыг өөрөө зохицуулж хийнэ гэсэн үндсэн хуультай. Хууль тогтоомж батлахгүй ч Холбооны засгийн газар нь халдаж чадахааргүй бие даан шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг. Хот байгуулалтын барилгын төлөвлөгөөг орон нутаг өөрөө гаргадаг бөгөөд хаана ямар томоохон худалдааны төвүүд хийх, үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, зам талбай, амьдрах орчны таатай нөхцөл зэргийг харгалзан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн баталдаг” гэлээ.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.
Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.
Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
1949 онд хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Монгол Улс 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгож нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Улс төр
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох “Булевиртид” эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.
Гепатитын D вирусний халдварыг эмчлэх “Булевиртид” эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.
Гэвч “Булевиртид” нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ “Булевиртид” эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “”Булевиртид”” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “”Булевиртид”” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
– “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
-
Нийгэм12 цаг өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
-
Нийгэм9 цаг өмнө
Боомтуудад 715.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм15 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ