Connect with us

Улс төр

НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-нд хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих болон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгаад байгаа юм. Мөн хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөнтухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус заасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, тус хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай тусгасан нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа талаар Байнгын хорооны дарга П.Анужин сануулж, Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийг Төсвийн тухай хуультай уялдуулна гэвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх боломжгүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн юм. Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, 2025 оноос мөрдөөд явах боломжтой гэсэн хариулт өгөв. Иймд Байнгын хорооны дарга санал гаргаж, төслийн 4 дүгээр зүйлийг “Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн томъёоллоор найруулан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 50 орчим саналаар санал хураалт явуулав

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараа нь хэлэлцсэн юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, одоо мөрдөж байгаа Ахмад настны тухай хууль нийт дөрвөн бүлэг, 17 зүйл, 111 заалттай бол хэлэлцэж буй энэхүү хуулийн төслөөр 40 заалт шинээр нэмж, 18 заалтыг өөрчлөн, нэг заалтыг хүчингүй болгохоор, мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  байгааг дурдаад, энэ бол томоохон нэмэлт, өөрчлөлт хэмээн онцолсон юм. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцоогоор 2010 онд хөдөлмөрийн насны 10 хүн тутамд нэг ахмад настан оногдож байсан бол 2040 он гэхэд дөрвөн ажилтан тутамд нэг ахмад настан болохоор байгааг танилцуулж, үүнтэй уялдуулан ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эсрэг үйлдэгдэж байгаа эдийн засгийн хүчирхийллийг багасгах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, сувиллын газруудын үнийн хөнгөлөлт, хамрах хүрээг тэлэх, таван жилд нэг удаа протез, ортопед хийлгэх эрхтэй байгааг гурван жилд болгох, аж ахуйн нэгж, байгууллагууд ахмадын сан ажиллуулахыг дэмжих болон ахмадын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг дэмжих зэрэг хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлалыг Ажлын хэсэг дэмжиж ажилласан гэсэн юм. Мөн Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг зүйл, хэсэг, заалт бүрээр нягтлан хэлэлцэж, зарим тодорхой саналуудыг гаргасны зэрэгцээ холбогдох хуулиудын нийцлийг хангах, үг, найруулгыг сайжруулж, тодорхой болгох зэргээр ажиллан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ахмадын сангийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх, улсын төсөвт яаж тусгах, уг санг хаана байршуулж, хэрхэн захиран зарцуулах талаар тодруулга авсан юм. Мөн, ахмад настнууд 20 жил хамт амьдарсан тохиолдолд тэтгэврийн тодорхой хувийг өвлүүлэх тухай хуулийн зохицуулалтыг өөрчилж, энэ хугацааг богиносгох хүсэлт тавьж буйг тэрбээр уламжлан, хэлэлцэж буй асуудалтай хамтруулан уг хүсэлтийг шийдвэрлэх боломж байгаа эсэхийг асуув. Ахмадын санг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн орлогоосоо, улсын төсөвт байгууллагууд тухайн жилийн төсвийн зардалдаа тусгаж бүрдүүлэхээр одоо мөрдөгдөж байгаа хуульд тусгасан талаар Ажлын хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Ю.Отгонбилэг тайлбарлаад, энэ заалт хэрэгжихгүй байгаа учир төсөвт байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд тухайн жилийн нийт цалингийн сангийнхаа 3.0 хүртэл хувиар Ахмадын сан байгуулах тухай зохицуулалтыг холбгдох хуулиудад оруулахаар тусгасан гэв. Харин тэтгэврийг өвлүүлэхтэй холбоотой 20 жилийн хугацааг богиносгох талаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгаа гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал хэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 24, найруулгын дөрвөн саналаар санал хураалт явуулсан юм. Хуулийн төсөлд, хөдөлмөр, боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд ахмад настныг боловсролын болон эрүүл мэндийн байгууллагад ажиллуулахаар хамтран ажиллах тухай онцолж заасан нь ямар учиртай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг асуув. Тэрбээр, ерөөс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээг Засгийн газрын гишүүд хамтран ажиллахаар заах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Мөн тэрбээр, тэтгэвэрт суусан ахмад настныг ажиллуулахдаа гэрээнд заасан үндсэн цалинг л олгоод, бусад урамшуулал, нэмэгдлийг олгохгүй байгааг цаашид хэрхэх, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх талаар тодорхой тайлбар хүсэв.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл түүний асуултад хариулахдаа, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд байхгүй, ахмад настнуудын маш их хүсэн хүлээж байгаа олон зохицуулалт энэ хуулийн төсөлд туссан гэдгийг онцлоод, тэтгэврийн насанд хүрээгүй байхад хүчээр тэтгэвэрт гаргахыг хориглох тухай шинэ заалт орж байгааг онцлон жишээлэв. Харин тэтгэвэрт гарсан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцолсон нь эдгээр салбарт хүний нөөц дутагдалтай, мөн төрийн бодлогын тэргүүлэх чиглэл учир тодотгосон хэмээгээд, бусад салбарт энэ зохицуулалт ижил үйлчлэхээр заасан гэсэн юм. Харин ахмад настны цалин хөлсний асуудал Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн гишүүд өгөв.

Тэтгэвэрт гараад ажил эрхэлж байгаа настнуудыг тухайн ажил олгогч тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болохоор хуулийн төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн саналаар, “Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно” гэж өөрчлөн найруулав.

Ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлал, мэдлэг туршлагаа залуу үед өвлүүлэх арга хэмжээг аравдугаар сарын 1-7-нд буюу олоон хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр заасныг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хасах саналтай байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, ердөө долоон хоногт энэ ажлыг явуулах нь хязгаарлагдмал байна гэж үзэж байгаагаа дурдаад, ахмад настнаа хүндэлж, тэдний хуримтлуулсан туршлага, арга туршлагаас суралцах, өвлөх явдлыг нийтийн үйл хэрэг болгох, соён гэгээрүүлэх талаар тогтмол арга хэмжээ явуулж, соёл болгон хэвшүүлэх ёстой гэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, уламжлал болсон Ахмадын баярыг улам өргөн дэлгэр болгох, хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх үүднээс ингэж заасан талаар тайлбарлаад, настан буурлуудаа асран дээдэлж хүндлэх ёс уламжлалыг хэв заншил болгох талаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төсөлд тодорхой зохицуулалт туссан гэв. Тэрбээр олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс, асаргааны хувилбарт үйлчилгээг авч чадахгүй байгаа ахмад настанд хэрхэн хүргэх, энэ үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулга авсан юм. Энэ талаар хуулийн төсөлд цөөнгүй зохицуулалт орж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал танилцуулаад, Халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгэх 10 төрлийн үйлчилгээг энэ хуулийн төсөлд нэг бүрчлэн оруулсан талаар дурдаж, хууль батлагдсаны дараа эдгээр үйлчилгээний үнэ тарифыг Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр боломжит хувилбараар төсөвт суулгахаар төсөлд тусгасан гэв. Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар асаргааны хувилбарт үйлчилгээнд 500-600 сая төгрөг зарцуулж байгаа бол хуулийн төсөлд тус сангийн ахмад настанд зориулсан хөрөнгийн 10-аас доошгүй хувийг зарцуулахаар тусгаснаар дээрх зардал 15-20 тэрбум төгрөг болж нэмэгдэх юм.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцсэний дараа уг төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг мөн зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16, найруулгын нэг саналаар санал хураалт явуулав. Эдгээрийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Ажлын хэсгээс гаргасан юм.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн 14 гишүүнийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж, төслийг хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэхэд идэвхтэй ажилласан Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир болон нийт гишүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов

Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин хийв. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг гурван удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 35, найруулгын нэг санал, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй есөн саналын томьёолол бэлтгэсэн талаар дурдсан юм. Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаач нартай уулзалт хийж, саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлс сан хуулийн төслүүдэд нэр томьёоны тодорхойлолтыг жигдэлж, Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн тухай зарим зохицуулалтыг өөрчилж, тэдгээрийн хугацааг хуульд заасан зохистой дадлын стандартыг үндэслэн сунгах, мөн стандартчил, техникийн зохицуулалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, эмийн сан, лаборатори, жорын зохистой дадлын стандартыг батлах, хэрэглээнд нэвтрүүлэх эмийг бүртгэх, эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөхөөс бусад эмийг цахим жороор захиалгын дагуу хүргүүлэх зэрэг зохицуулалтыг нэмж оруулсан байна. Мөн, эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар сурталчлах, хэрэглэгчийн гарын авлагын агуулгыг тодорхой болгох, эмнэлгийн жижиг хэрэгсэл гэснийг эмнэлгийн хэрэглэгдэхүүн болгож өөрчлөх, уламжлалт эмэнд генийн өөрчлөлтийн шалгуур тавихгүй байх, үйлдвэрүүдэд зохистой дадлын стандартыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Түүнчлэн, эм үйлдвэрлэх экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, дотоодын үйлдвэрлэгч нар био эквивалент судалгаа, өнчин эмийн бүртгэл, бүртгэлгүй эм, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх заалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шилжилтийн үеийн зохицуулалтыг хуулийн төсөлд нэмсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбоотойгоор асуулт асууж үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй санал нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 19 дүгээр зүйлд чанар шалгах лабораторитой холбоотой асуудлыг тусгасантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлж, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах Түр хорооноос явуулсан хяналт шалгалт, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын дүгнэлтийг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын тогтоолд эмийн үндэсний лавлагаа, нэгдсэн удирдлагатай, өртөг зардал багатай, эдийн засгийн хувьд өгөөжтэй лаборатори ажиллуулах асуудлыг тусгасныг сануулан, хүнсний болон эмийн аюулгүй байдлын нэгдсэн лаборатори байгуулж ажиллуулахад анхаарал хандуулахыг Засгийн газарт зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, эмийн өндөр зохицуулалттай орнуудаас импортлодог байх, тухайн экспортлогч этгээд мөн өндөр зохицуулалттай улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргадаг байх шаардлага, шалгуурыг зааж өгөх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, одоо манай зах зээлд орж ирж байгаа эмийн 70 орчи хувь нь эмийн хатуу зохицуулалттай орнуудаас ирж байгааг танилцуулаад, харин импортоор орж ирж байгаа нийт эмийн 93 хувь нь женерик буюу ерөнхий мэргэжлийн эм байгаа тул энэ хуулийн төсөлд ерөнхий нэршлийн болон тухайн оригинал эмийн харьцуулсан судалгааны дүгнэлтийг хамтад нь зайлшгүй авч байх чанарын асуудлыг тусгасан гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн худалдаанд гарчихсан байгаа эмүүдээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар авч шалгаж байх зохицуулалт тусгах тухай зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлаж, энэ санамсаргүй түүвэрлэлтийн аргаар явуулах шалгалтын зардлыг улсын төсөвт тусгаж байх шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эм хангамж, хүртээмжийн асуудалд төрөөс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ зэрэгцэн оролцож худалдан авах шаардлагагүй, харин вакцин болон удаан хугацааны эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний эм, өнчин эмийн тухайд төрийн оролцоо байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнтэй санал нэг байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар илэрхийлээд, хувийн хэвшлийг шахаж түлхэх биш харин тэдний оруулж ирж байгаа эмийн чанарт хяналт тавьж, үнийн зохицуулалтыг хийдэг байх ёстой гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар эсрэг байр суурь илэрхийлж, эм бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн атал үүнийг 30 жил хувийн хэвшилдээ даатгаж, төрийн оролцоогүй, хяналтгүй, зохицуулалтгүй, дээр нь энэ чухал стратегийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг хувийн хэвшилдээ үзүүлдэг дэмжлэг туслалцаагүй явж ирсэн нь бодлогын алдаа гэсэн юм. Тэрээр, стратеги, олон улсын стандарт, шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрээс нь болон олон улсын худалдан авалтын систем ашиглан шууд худалдан авч болохоор хуульчилсныг сануулж, Эрүүл мэндийн яам эмийн худалдаа, бизнес хийх гэж байгаа мэтээр ярьж байгаад харамсаж байна гэлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийг төр өөрөө НҮБ-ын Хүүхдийн сангийн худалдан авалтын систем ашиглан авч байх боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хуоаалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан, энэ сарын 14-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн зэрэг нөхцөл шаардлагыг тусгасан бөгөөд үүнд гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасныг тэрбээр дурдаад, Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг судлан үзэхэд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамааруулж тооцох хүсэлт цөөнгүй байгааг үндэслэн хуулийн төслийг боловсруулж, уг зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ. Мөн хуулийн төсөлд энэхүү нэмэлт зохицуулалттай холбогдох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар заасан байна. Тэрбээр мөн, төсөлтэй холбогдуулан одонтой ээжүүдийнхээ жилд авдаг урамшууллийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулаад байгаа талаар танилцуулгадаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Жаргамаа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, урамшууллийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байгаад талархалтай байгаагаа дурдаж байлаа. Мөн, хүүхдээ алдсан ээжүүд одонгоо авч чадахгүй байх тохиолдол маш олон байдгийг онцолж, “Алдарт эх” одон, түүний урамшуулал бол дэмжлэг, тэтгэлэг төдий бус Монгол Улсын хүн амын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болохыг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлсний дараа уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураасан юм. Санал хураалтаар уг томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар энэ оны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж тогтоол гаргав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.

Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.

Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.

Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим