Нийгэм
О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан.
Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэллээ. Тухайлбал, 2010 онд үл хөдлөхийн үнэлгээгээ 600 сая төгрөгөөр тооцуулсан “Хангай” зочид буудал жилд 6 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх ёстой. Гэвч 2010 оноос хойш нэг ч удаа улсад татвар, хураамж төлөөгүй байгаа учраас хотын удирдлагууд татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өмчлөгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Энэ мэт хотын А зэрэглэлд байршдаг аж ахуйн нэгжийн үл хөдлөхийн үнэлгээ зах зээлийн үнээс бага байгаагаас шалтгаалж улсад бага татвар төлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг найман аж ахуй нэгжийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: “Улаанбаатар хотын эдийн засаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс авах татвар, бизнесийн үйл ажиллагаа татвараас бүрдэж байдаг. Татвараар хуримтлагдсан хөрөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний татвар зах зээлийн үнээс бага байна. Цаашид бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварыг нэмэгдүүлэх шаардлага бий. Тухайлбал “Мандухай” зочид буудал хотын А зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн. Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашилбал, БГД-ийн 3,4 дүгээр хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа энэ асуудлыг өөрчлөх шаардлага байгаа” гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.