Бусад
ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.05.22/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 16 минутад 81,8 хувийн ирцтэй эхэллээ.
Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж, хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын тов, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцууллаа. Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Энэхүү хуулийн төсөл нь таван бүлэг, 15 зүйлтэй, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилттой.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Х.Ганхуяг нараас бичгээр болон аман тайлбараар зарчмын зөрүүтэй санал гаргасан тул санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн зөвлөлийг хэр хугацаатай томилох, хэрхэн шалгаруулах талаар асуухад Цахим, харилцаа холбооны сайд Н.Учрал, хуулийн төслийн 11.7-д Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газраас тогтооно гэсэн зохицуулалтыг тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулаад, Ажлын албыг яаманд хариуцуулбал илүү үр дүнтэй хэмээн байр сууриа илэрхийлж, санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн 13.3.11 дэх заалт буюу “мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх” гэснийг бүхэлд нь хасах санал гаргасныг гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийн 14 дүгээр зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналыг мөн дэмжсэн.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд уг төслийг дагаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Харилцаа холбооны тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүд өргөн мэдүүлснийг мөн хэлэлцлээ.
Ийнхүү Инновац, цахим бодлогын байнгын хороо Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэг явуулсанд тооцов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг томилсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.