Дэлхий дахинд
БНХАУ-д нефтийн эрэлт унасан нь ОПЕК+ бүлгийн үнийг дэмжих чармайлтыг сааруулж болзошгүй
ОПЕК+ бүлэг буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 10 орон нийлүүлэлтийн илүүдэл үүсгэхгүй байх замаар бүтээгдэхүүнийхээ дэлхийн зах зээлийн үнийг дэмжих бодлого барьж байна.
Гэвч гол хэрэглэгч Хятад улсад энэ түүхий эдийн эрэлт буурч байгаа нь тус бүлгийн хүчин чармайлтыг тарамдуулж болзошгүй нь гэдэг анхааруулга мэдээллийг “Блумберг”-ээс хийжээ.
Үүний зэрэгцээ ОХУ шатахуун үйлдвэрлэлийн мэдээгээ хаалттай болгож байгаагаа зарласан мэдээллийг хэвлэлүүд дамжуулж байна.
Блумбергийн мэдээлснээр Хятадад үйлдвэрлэлийн идэвх суларч, орон сууцны зах зээл нь хямарснаар пластмасс болон түлшний эрэлт буурч, цаашлаад нефть боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нь хумигдахад нөлөөлөх болжээ.
Улмаар ОПЕК+ бүлгийн хоёр гол нийлүүлэгч Саудын Араб болон Оросоос авдаг Хятадын худалдан авалт буурсан байна.
Өнгөрсөн 4 сард гэхэд Хятад дахь нефть боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ хоногт 14.36 сая баррель болж, жилийн өмнөхөөс 4 хувиар буурч, мөн өнгөрсөн 12 дугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт дээр очжээ.
Улмаар энэ түүхий эдийн эрэлт Хятадад цаашдаа буурах төлөвөөс үүдэн АНУ болон бусад улс хангалттай хэмжээний нийлүүлэлт хийж байгаа хэдий боловч сүүлийн зургаан 7 хоногийн дотор дэлхийн зах зээлд нефтийн үнэ бараг 10 хувиар буурсан байна.
Нефтийн үнэ хямд байх нь хэрэглэгчид болоод өндөр инфляцтай тэмцэж байгаа томоохон төв банкуудын хувьд сайн хүчин зүйл мөн боловч Саудын Араб, ОПЕК+ бүлгийн орнуудын хувьд орлого нь буурах үр дагавартай.
Эр-Риядад гэхэд эдийн засгийн хөгжлийн өндөр зорилттой төслөө хэрэгжүүлэхэд нь нэг торх нефтийн үнэ хамгийн багадаа 100 орчим ам.долларт байх шаардлага тулгардаг. Тиймээс ОПЕК+ бүлгийн орнууд зургаадугаар сарын 2-нд буюу Ням гарагт ээлжит уулзалтаараа одоо үйлчилж байгаа хязгаарлалтуудаа сунгах болов уу гэж шинжээчид үзэж байна.