Нийгэм
Нийслэлийн 5 эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газрууд болон Шүд, эрүү, нүүрний төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэн, улсын хэмжээнд төрж байгаа эхчүүдийн 50 гаруй хувь нь нийслэлд төрж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа гэсэн тооцоолол гарсан. Иймд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө” хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн дарга Д.Долгормаа “Манай эмнэлэг 1986 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаа автомашинтай болж байна. “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын үзлэг хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад автомашины хэрэгцээ нэн чухал байсан. Ийнхүү бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгсөнд талархаж байна” хэмээв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.