Дэлхий дахинд
Лавров Африкийн орнуудтай харилцаа тогтоож байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын 3-ны Даваа гаригт баруун Африкийн Гвиней улсад айлчилсан. Баруун Африкийн орнууд Франц, АНУ зэрэг улстай таагүй харилцаатай байгаа билээ. Гвиней ч бас тэдгээр улстай адил байгаа бөгөөд Москватай харилцаа тогтоох сонирхолтой байна. Лавровын хувьд түрэмгийлэл эхэлснээс хойш шинэ холбоотнуудтай болохыг эрмэлзэж, Африкт хэд хэдэн удаа айлчилсан. Тэрбээр Гвинейн Гадаад хэргийн сайд Мориссанда Куятетай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан аж. Лавров мөн өдрийн орой Бүгд Найрамдах Конго улсад айлчлан, ерөнхийлөгч Денис Сассу Н’Гуэссотой уулзсан.
Гвинейг 2021 оноос хойш цэргийн хунта удирдаж байна. Хурандаа Мамади Думбуяа Гвинейг “эмх замбараагүй байдал руу орохоос сэргийлж байна” гэж мэдэгдэж, өмнөх засгийн газрыг тараасан. Думбуяагийн хувьд Африкийн улс төрд баруун хэтэрхий оролцож байна гэж үздэг бөгөөд “барууны улсууд Африкийг өөрсдийн хүссэн ангилалдаа хүчээр оруулж байна” гэж буруутгадаг. Мали, Нигер, Буркина Фасо зэрэг Баруун Африкийн хэд хэдэн улс төрийн эргэлт хийж, цэргийн дэглэм тогтоогоод байна. Тэд ОХУ-аас аюулгүй байдлын дэмжлэг авахын тулд барууны гүрнүүдтэй олон жилийн цэргийн харилцаагаа тасалсан эсвэл багасгасан.
Лавров өнгөрсөн оны эхээр Малид айлчилж, цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан. Мөн Украины дайнд төвийг сахисан байр суурь баримталсан Өмнөд Африкт айлчилжээ. Лавровын айлчлал Зүүн Африк, Хойд Африкт үргэлжилж барууны орон зайг нөхөх санал тавьсан байж магадгүй. Баруун Африкийн Буркина Фасог удирдаж байсан цэргийн хунта өнгөрсөн онд Францын армийг түлхэн унагаж, аюулгүй байдлын дэмжлэг авахаар Орост хандсан. Өнгөрсөн жил засгийн эрхийг авсан хунта АНУ-ын цэргийг тус улсаас гаргах тушаал өгснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа Нигерт Оросын цэргийн сургагчид ирсэн юм.