Нийгэм
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна

Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн.
Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор ХУД-ийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ.
Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн юм.
Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулна. Хуучин зохицуулалтаар явснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.