Нийгэм
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байна.
Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургаадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна.
Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.